Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.04.16 12:31
1884
Б.Ганчулуун: Р.Базараад эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах хүсэлтийг прокурорын байгууллагад хүргүүлсэн

Эрүүгийн цагдаагийн албанаас цаг үеийн асуудал болон шалгаж, шийдвэрлэж буй хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. 

ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Б.Ганчулуун "Нэр бүхий этгээдүүд эх үүсвэр нь тодорхойгүй мөнгөн хөрөнгөөр кредит болон бусад арилжааны банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх байдлаар хувиргаж мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэг, хоёрдугаарт,нэр бүхий этгээдүүд Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны 9-11-р сар хүртэлх хугацаанд бусдаар гадаадын бооцоот тоглоомын сайтад мөрий тавиулж улмаар их хэмжээний бооцооны мөнгийг алдсан гэх шалтгаанаар тухайн этгээдийн биед нь халдаж,  заналхийлсэн зэрэг гэмт хэргүүдэд хуульд заасан үндэслэл журмын дагуу иргэн Б-ын хамаарал бүхий "Алтайн хүдэр", "Бүрдэл майнинг" болон иргэдийн орон байр зэрэг нийт 10 обьектод нэгжлэгээр 100 гаруй санхүүгийн анхан шатны баримт материал болон гадаад валют зэргийг хураан авсан.

Мөрдөн байцаалтын явцад гэрчүүдийн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаагаар нэр бүхий этгээдүүд "алдсан мөнгөө олж өг" гэх шалтгаанаар бусдыг хууль бусаар хорьж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулж, эд хөрөнгийг шилжүүлэн өгөхийг шаардаж, өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлж, зорчих эрхийг нь хууль бусаар хязгаарласан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байна. Дээрх хэргүүдэд холбогдсон нэр бүхий дөрвөн иргэнийг шүүхийн зөвшөөрлөөр  дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 48 цагийн хугацаатай баривчилж, цагдан хорих 461 дүгээр ангид хүргэсэн. Өнөөдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах хүсэлтийг прокурорын байгууллагад хүргүүлсэн" гэв.

"Алтайн хүдэр" компанийн захирлын баривчилгаатай холбоотой ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Р.Базарыг Европийн сэргээн босголт хөгжлийн банканд их хэмжээний буюу 78 тэрбум төгрөгийн хохирол учруулсан.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар 13,7 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулсан. Одоогоор 64,3 тэрбумын шүүхийн шийдвэртэй байгаа" гэлээ.