Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.04.16 18:09
2120
Оршин суугч: Одоо хүртэл шатсан барилга руугаа орохоор үнэрээр нь даралт ихсэж, бие мууддаг

Энэ оны 1-р сард Дүнжингаравын уулзварт дэлбэрэлт болсны улмаас онцгой байдлын 3 алба хаагч, автомашин болон явганаар зорчиж явсан 4 иргэн амиа алдсан. Мөн дэлбэрэлтийн улмаас 9 хүн  хүнд, хөнгөн гэмтэж, 26 иргэнд угаарын хийн хөнгөн зэргийн хордлогын шинж илэрсэн. Харин  36 тээврийн хэрэгсэл, 3 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд онц их хэмжээний хохирол учирсан юм.

Харин дэлбэрэлтийн улмаас зам талбай, сургууль, аж ахуйн нэгжид 1.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдгийг УЕПГ-аас мэдээлсэн. Гэвч энэ нь зөвхөн зам талбай, сургууль, аж ахуйн нэгжид учирсан хохирлын хэмжээ юм. Өнөөдрийг хүртэл галд өртсөн 3 орон сууцны хохирлын хэмжээ гараагүй байна. Гэхдээ барилга хот байгуулалтын яамнаас галд өртсөн 3 барилгын нэг болох 207-р байрыг дахин ашиглах боломжгүй, стандартын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй гэх дүгнэлт гараад байгаа юм.

Мөн орон сууц нь дэлбэрэлтэд өртөж шатсан айл өрхүүдийг түрээсийн байранд байршуулж, төлбөрийг нь нийслэлээс гаргаж өгч байгаа. Гэвч тус иргэдийн түрээсийн мөнгийг 9-р сарын 1-ны өдөр хүртэл л гаргаж өгнө. Энэ нь үүнээс цааш иргэд чухам яах вэ гэдэг нь хохирогчдыг сэтгэл санааны хямралд оруулж эхэлжээ.

Гэхдээ дэлбэрэлт болсны дараа хохирсон иргэдийн хохирлыг төр хариуцаж, дараа нь буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж ярьж байсан. Харин шадар сайд М.Амарсайхан хохирсон иргэдийн хохирлыг төр хариуцахгүй гэх утга бүхий мэдэгдлийг хийсэн. Тиймээс галын улмаас хохирч гэр оронгүй болсон иргэдийн зүгээс эхний ээлжид асуудлыг нь шийдэж өгөхийг тэдний зүгээс хүслээ.

Энэ мэт буруутай этгээдийг өнөөдрийг хүртэл тогтоолгүй, хохирлыг чухам хэн барагдуулах вэ гэдэг нь томоос том асуулт болж үлдээд байна.

207-р орон сууцанд 62 өрх амьдарч байсан бөгөөд үүнээс 11 өрхийн эд хогшил бүх зүйл нь бүрэн шатжээ.

 

Оршин суугч: Дэлбэрэлтийн дараа эхнэртэйгээ хамт хордлогод орж эмнэлэгт хэвтсэн

Гал гараад эхний дэлбэрэлтээр сэрсэн. Сэрээд л цонхоороо харсан. Тэгэхэд л урдаас гал дүрэлзсэн. Гутлаа ч өмсөж амжаагүй хувцсаа өмсөж байтал цонх хагараад л гал ороод ирсэн. Хөл нүцгэн гарч гүйгээд буцаж орж ирж гутлаа өмссөн. Маш богино хугацаанд болж өнгөрсөн. Сургуулийн хүзүүвчээс болоод гал унтраах машин орж ирж чадаагүй. Шаланк хүрээгүйгээс манайх шатсан. Тэрнээс 1-3 давхрын гал харьцангуй гайгүй шаланк нь хүрээд. Шаланк хүрээгүйгээс ийм зүйл болсон. Хордлогын улмаас эхнэртэйгээ хамт эмнэлэгт хэвтсэн. Миний хувьд сэхээнд орсон. Одоо байр руугаа орж ирэхээр л даралт ихэсдэг. Үнэрээс нь болоод. Одоо хүртэл муухай үнэр үнэртсээр байгаа.

Оршин суугч: Байрны асуудлаа шийдүүлчихвэл эмнэлэгт үзүүлэх гээд явж чадахгүй л байна

Анхны дэлбэрэлтээр би гэртээ ганцаараа байсан. Гэнэт цочролд орсон. Манай байрныхан намайг авч гарсан. Дараа нь биднийг буудалд байлгаж, хэрэгтэй зүйлсээр хангаж өгч байсан. Гэвч миний сэтгэл санаа их эмзэг байгаа. Хэд хоноод л байрны тухай мэдээ гардаг. Ойрхон байр түрээсэлж байгаа учраас шатсан байраа харахаар байнгын түгшүүртэй, даралт ихэсдэг, зүрх уушги муутай учир амьсгаа ихэсдэг. Байрны асуудлаа шийдүүлчихвэл эмнэлэгт үзүүлж явмаар байгаа ч эндээ санаа зовоод явж чадахгүй байна.

Оршин суугч: Өнөөдрийг хүртэл хохирлын албан ёсны дүгнэлтийг гаргаж өгөөгүй байгаад оршин суугчид бухимдалтай байгаа

Сайн ч тал байна муу ч тал байна. Оршин суугчдын бухимдлыг төрүүлсэн байгаа. Одоог хүртэл оршин суугчдад хохирлын албан ёсны дүгнэлтийг албан ёсоор гаргаж өгөөгүй байгаа. Хэвлэл мэдээллээр хохирлын хэмжээ 1.8 тэрбум, нураах шийдвэр гарлаа гээд байгаа боловч бид нарт ямар ч мэдээлэл өгөөгүй байгаа. Тэрнээс төрөөс нэхээд байгаа зүйл байхгүй. Буруутай этгээд нь хуулиараа хариуцлагаа хүлээж төлөх байх гэж найдаж байгаа. Төр засаг хурдан шуурхай арга хэмжээ аваасай л гэж их хүлээцтэй хүлээж байгаа.

Шууд дамжуулалт: