Б.Нарангоо
Ерөнхий редактор
Улс төрийн нам
2024.04.17 15:02
1388
Д.Амарбаясгалан: Зах зээлийн өрсөлдөөнгүйгээс гурилын үйлдвэрлэлээ багасгаж, үнэ нэмсэн

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан МҮОНРТ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлгийн өчигдрийн /2024-04-16/  дугаарт оролцов.

Улсын хэмжээнд сүүлийн хэдэн жилд сар тутам үнэ нь нэмэгдэж, иргэдэд дарамт учруулж буй өдөр тутмын хэрэглээний гол бараа бүтээгдэхүүний нэг нь гурил юм. Манай улсад гурилын 12 үйлдвэр байдаг, тэд жилд 846 мянган тонн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэвч 2023 онд 191300 тонн гурил үйлдвэрлэж, хүчин чадлаасаа хамаагүй бага хэмжээний гурил үйлдвэрлэжээ. Өмнө нь гурилын олон үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөөнтэй байсан ч 2021 оноос зарим нь дампуурчээ.

Ингээд гурилын салбарт өрсөлдөөн хумигдаж, бусад нь үүдээ хаасан үеийг ашиглан голлон ажилладаг таван том үйлдвэр жил тутам дахь гурилын үйлдвэрлэлийн хэмжээгээ багасгаж, үнээ нэмсэн байна. Мөн эздийн ашиг нь хэт нэмэгджээ. Тухайлбал, 2019 онд гурилын нийт зах зээлийн өртөг нь 240 тэрбум байсан бол 2023 онд 430 тэрбумд хүрч нэмэгдсэн нь үйлдвэрлэлээ багасгаад, зориуд хомсдол бий болгож, гурилын үнээ нэмсэн байна. Ийм байдалд хүргэсэн шалтгаан нь гурилын зах зээлд өрсөлдөөн байхгүй, гурил, улаан буудайн импортыг хориглосон, газар тариалангийн салбар хэт вакумжсан байдалтай холбоотой учраас Засгийн газраас дорвитой арга хэмжээнүүд авах шаардлагатай гэж үзэж байгаа талаар  Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан МҮОНРТ-ийн “Цаг үе,үзэл бодол” нэвтрүүлэгт оролцохдоо онцлов.

Тодруубал, Засгийн газраас Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн юм. Төсөлд импортын гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр тусгасан. 

Мөн “Газар тариалангийн талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолыг баталж дотоодын хүнсний хэрэгцээнд шаардлагатай байгаа улаан буудайн нөөцөө хангасны дараа илүү гарсан буудайг дэлхийн зах зээлд экспортод гаргах боломжийг Засгийн газар 100 хувь нээж өгсөн юм.