Баяр наадам хаяанд ирсэн энэ өдрүүд Монгол түмэнд аз жаргал, баяр цэнгэл бэлэглэсээр байна. Бөхөө дээдэлдэг монголчууд үзүүр, түрүү булаалдах хүчит бөхчүүдийнхээ бэлтгэл хэр базаасныг хөөрөлдөн, торгон жолоогоо өргүүлэх тод магнай хүлэг, цэц мэргэнээ сорих харваачдынхаа тухай сайн сайхан бэлэгтэй бүхнийг хэлэлцэж байна. Монголчуудын хайртай бөх Дархан аварга Г.Өсөхбаярын гэргий Б.Нарантуяагийн ярилцлага та бүхний баяр дээр баяр нэмэх нь дамжиггүй.
-Сайн байна уу. Юуны өмнө танд болон танай гэр бүлд баяр хүргэе. Монголын ард түмний хүсэн хүлээж байсан Дархан аварга цолыг таны хань баяр наадмын өмнө гардлаа?
-Баярлалаа, үнэхээр сайхан байна. Монголын бахархал болсон бөхийн спорт хөгжиж, өрсөлдөөнтэй, илүү үзүүштэй болоход энэ шийдвэр цаашдаа нөлөөлнө гэдэгт эргэлзэхгүй байна.
-Бидний урилгыг хүлээн авсанд танд талархал илэрхийлье. Та тэр бүр ярилцлага өгөөд байдаггүй болохоор хүмүүс ямар ажил хийдэг, ямар удам судартай бүсгүй бол хэмээн сонирхож байгаа байх?
-Миний аавыг Баярмагнай гэдэг. Би айлын отгон охин. Багадаа орос сургалттай 44 дүгээр цэцэрлэгт хүмүүжээд , 18 дугаар сургуульд элсэн орж төгссөн.
-18 дугаар сургууль тэр үедээ хотод цөөхөн байдаг орос сургуулиудын нэг байсан?
-Тиймээ, орос сургууль. Би дунд сургуулиа төгсөөд ӨМӨЗО-ны Анагаах ухааны их сургуулийг Уламжлалт анагаах ухааны их эмч мэргэжлээр төгссөн. Анагаах ухааны магистр, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн докторант. Одоо ХАХНХЯ-ны харьяа Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн ерөнхий захирлаар ажиллаж байна.
-Монголчууд бөхийн удам эмэгтэй талаа дагадаг гэдэг. Таны удамд бөх хүн байсан уу?
-Монгол хүн бүхэн бөх барилддаг шүү дээ. Тэр утгаарааманай талд бөх үздэг, сонирхдог ганц нэг давдаг хүмүүс байсан гэдэг. Аав маань сумандаа гарчихдаг тийм л хүн байсан. Улсын цолтой бөх байхгүй. Харин Мижиддорж арслан манай хамаатан.
-Генералтай суухын тулд цэрэгтэй суу гэдэг үг байдаг. Та анх Монгол түмний хайртай бөх Дархан аварга Г. Өсөхбаяр тэр үед улсын цол авч амжсан байсан уу. Та хоёр яаж, хаана танилцаж байв?
-Бид хоёрын дундын танил Батбилэг гэдэг ах байдаг юм. Тэр ах Өсөхөөгийн хуурай ах, бас намайг таньдаг байсан л даа. Нэг өдөр би гарцан дээр зогсож байхад тэр хоёр машинтай явж байсан юм билээ. “Манай дүү явж байна” гэхэд нь Өсөхөө хараад танилцъя гэж хэлсэн гэсэн. Тэгээд л бид танилцсан.
-Зорьж очиж танилцсан байх нь?
-Тэгсээн.
-Тэгэхэд та хэдэн настай байсан бэ. Өсөхөө аварга барилдаж эхэлсэн байсан уу?
-Өсөхөө улсын заан цолтой байсан. Тэр үед хорь гаруйхан настай байж дээ.
-Бөхчүүдийн эхнэр монгол бүсгүйчүүдэд байх зан чанарыг илүү хадгалж яваа мэт санагддаг юм. Монгол үндэстний салшгүй өв соёл, бахархал болох бөхөөр нөхрүүд нь хичээллэдэг болохоор тийм байхаас өөр аргагүй мэт надад санагддаг?
-Хүн гэдэг өөрөө нийгмийн бүтээгдэхүүн учраас өсөж торнисон орчин, хүмүүжил нөлөөлдөг. Олон жил амьдарсан хүмүүс царай зүс, үг яриа, хөдөлгөөн нь хүртэл адилхан болдог гэдэг. Би сайн ханийнхаа буянаар бөх гэдэг агуу түүхтэй ертөнцөд хөл тавьсан. Анх би Өсөхөөтэйгөө танилцахдаа заан цолтой гэдгийг нь мэдээгүй, бөх гэж ямар байдгийг нь ухаараагүй хүүхэд байсан. Бөхийн гэргий болсноор зөвхөн бөх гэлтгүй монголчууд, эх орон минь ямар агуу түүхтэй улс вэ гэдгийг улам их мэдэрдэг.
-Таны аав, ээж бөх хүргэнээ хэрхэн хүлээж авсан бэ. Баярлаж байсан байх?
-Тэгэлгүй яахав. Би бөх үздэггүй орос школтой охин байсан. Харин аав, ээж маань улсын заан цолтой хүнийг танилгүй яахав. Ээж маань хэд хэд хараад “Миний охины найз залуу нь юм уу” гээд асууж их баяртай байсан.
-Орос сургуулийн охид тэр үед бусдаас өөр байсныг бидний үеийнхэн мэднэ. Гэтэл Өсөхөө аварга хөдөө нутагт өссөн, бөх хүн. Өссөн орчин өөр хоёр хүн нэг гэр бүл болж, хэн нэгнээ сайн ойлгодог болоход цаг хугацаа их зарцуулсан уу?
-Хэдийгээр би орос цэцэрлэг, сургууль төгссөн ч ахуй амьдрал маань жирийн нэгэн монгол айл байсан болохоор бидэнд үл ойлголцох зүйл байгаагүй. Аав, ээж хоёр маань хөдөө нутагт төрөөд хожим нь хотод ирээд айл гэр болсон хүмүүс. Өвөө, эмээ маань амьд байсан болохоор бидний монгол ахуйгаар хүмүүжүүлсэн. Орос сэтгэлгээ, орос хандлага сурсан тал байсан. Тухайлбал би үнээ сааж, гэдэс арилгаж чаддаггүй л байлаа.
-Одоо хийгээд сурчихсан уу?
-Үнээ сааж сураагүй, харин гэдэс арилгаад сурсан шүү. Манай хадмууд хөдөө нутагтаа амьдардаг учир тэднээсээ их зүйл сурч, ойлгож авсан даа. Адаглаад ааруул цагаан идээгээ монголчууд хэрхэн хийдэг, хонь малаа хэрхэн хариулж маллах гээд олон зүйлийг бодитоор харж, мэдэрсээр явна.
-Монгол наадам танай гэр бүлийн хамгийн сайхан баярын нэг байх. Та анх хэдэн онд голын цэнгэлдэхээс нөхрийнхөө барилдааныг үзэж байв?
-1997 оны наадмыг анх Төв цэнгэлдэх хүрээлэнгээс үзэж байлаа. Гэр бүл болсноос хойших анхны наадам. Би жирэмсэн, найман сартай нөхрийнхөө барилдааныг үзсэн. Миний хань тэр жил тавын даваанд Бумбаяр заантай тавын барилдаанд барилдаж байгаад хальтираад уначихсан. Бороотой, хальтиргаа ихтэй байсан учир харамсалтай явдал болсон.
-Бодоод байхад бөхчүүд бас хэцүү улс шүү. Галаар нь очихоор эмэгтэй хүн хамаагүй ойртож болохгүй ч гэх шиг. Бүсгүйчүүд бидэнд таалагдахгүй ч үеийн үед мөрдөж ирсэн энэ журам танд хэцүү байдаг уу?
-Би уламжлалт анагаах ухааны их эмч хүн. Хүн хаашаа харж унтах, ямар хоол идэх ёстой вэ гээд 5000 жилийн түүхтэй анагаах ухааны түүх бидэнд байна. Монголчуудын өвөл, зун идэх хоол нь хүртэл өөр байсан. Үүнтэй адил гэр бүлийн хүмүүс зуны улиралд бэлгийн харьцаанд цөөн орох, хий хуйтай үед өөр өөр байдгийг шинжлэх ухаанч ухаанаар баталсан зүйл байдгийг би сайн мэднэ. Тиймээс физиологийн талаас нь сайн мэдэх учир надад хэцүү, ойлгохгүй зүйл байхгүй. Та бид хоёр одоо зөвхөн бөх талаас нь ярьж байна. Залуу байхдаа чөлөөт бөхөөр барилдаж, урт удаан хугацаагаар бэлтгэл хийнэ. Тэр үед “Бэлтгэлдээ очихгүй байж болохгүй юм уу” гэж асуух үе байсан. Хань маань бөхийн төлөө бие сэтгэлээ зориулсан хүн учир надад учир байдлаа сайн ойлгуулж чаддаг байсан.
-Наадам бүхэн сонин сайхан дурсамжтай, түүхтэй байдаг. Таны үзсэн хамгийн гоё наадам хэдэн оных байсан бэ?
-Бүх наадам сайхан л даа. Манай гэр бүлийн хувьд наадмын нээлт их чухал. Зөвхөн бөхийн гэр бүл гэдгээсээ илүү монгол хүн гэдэг омогшлыг би мэдэрдэг. Төрийн дуулал эгшиглэж, морин хуурын аялгуу цуурайтаж, урлаг соёлын одод морин дэл дээр давхиж буйг харах үнэхээр сайхан. Сэтгэл баясаж, омогшдог доо. Тиймээс ч бид хүүхдүүдтэйгээ байнга хамт үздэг.
Миний хань түрүүлсэн 2002 оны наадам үнэхээр сайхан байсан шүү. Тэр жил маш их баярлаж огшсон хэдий ч би уйлаагүй. Миний хань түрүүлэх ёстой гэсэн бодол, итгэл байсан учир тэр байх. Дараа жилийн наадмаар түрүүлж аварга болоход нь баярлаад уйлсан. Ханийн маань зорилго биелсэн тэр агшин хэзээ ч үл мартагдах сайхан мэдрэмж хүнд өгдөг юм билээ.
-Тэр жил таны хань нэг бужигнуулаад авсан шүү. 2001 оны наадам шүү дээ. А.Сүхбат аварга эмнэлэг яваад бөөн юм болж байсан. Танд ч бас хүнд байсан байх?
-Би тэр жилийн наадмыг би төв цэнгэлдэхээс үзсэн. Барилдаж эхлээгүй шахуу байхдаа тийм байдал гарлаа гэж би харсан. Өрж, барьц аваагүй шахуу байж яагаад нэг нь нэгийгээ өшиглөв гэж олон нийт гайхсан байх. Дараа нь хань маань юу болсон талаар надад хэлсэн. Нэгэнт өнгөрсөн үйл явдал болохоор одоо яриад яахав дээ.Надад харамсалтай байсан. Бөх хүн яаж бэлтгэл, сургуулилалт хийж, ямар их хөлс хүчээ зориулдгийг би мэдэх учир өвдөг шороодоход нь харамсдаг.
-Буур Жамъяан аваргын зээ хүү Г.Өсөхбаяр арал, чацаа ашиглаж давуулж гуядах, харцагадаж дайрах, шахаж татах, тахимдах мэхтэйгээрээ алдартай. Тэгвэл аваргын хөвгүүдээс энэ мэтчилэн алдар цуугаа дуудуулах бөх гарах нь уу?
-Манайх дөрвөн хүүхэдтэй. Том маань охин, бага гурав нь хүү. Хань маань үр хүүхдэдээ их хайртай болохоор багаас нь бэлтгэл хийлгэхийг шаарддаггүй. Бэртэж гэмтчих вий гэж болгоомжилж буй хэрэг л дээ. Манай хөвгүүд 8-14 настай. Хүүхдүүдийн маань хүмүүжиж буй орчин нөлөөлдөг юм байна. Манай гурван хүү “Би аварга болно, би аварга болно” гэсэн хүүхдүүд л байх юм./инээв/
-Аливаа зүйлийн анхны юм бүхэн хүнд сайхан дурсамж үлдээдэг. Анхны үрийн зулай үнэрлэсэн тэр агшин та бүхний амьдралын хэзээ ч мартагдашгүй сайхан мөч байсан байх?
-Охиноо төрөхөд Өсөхөө Иранд тэмцээнд оролцохоор явсан байсан. Төрөөд гурав хонож байхад онгоцноос буугаад шууд эмнэлэгт ирсэн. Одоо ч надад ямар дүр төрхтэй орж ирсэн нь нүдэнд харагдаж байна. Бага зэрэг багадсан цагаан нөмрөг нөмөрчихсөн, харц нь их баяртай орж ирээд охиноо гар дээр өргөөд их удаан харсан. Олон зүйл бодож байгаа нь мэдрэгдэж байсан. Эмнэлгээс гарахад гэртээ баярын ширээ засаад ах дүү нар маань сайхан угтсан.
Амьдрал жаргал, зовлон ээлжилдэг шүү дээ. Охин маань 14 хоноод бие нь өвдсөн. Эмч нар "Найдваргүй шүү, залуу хүмүүс дахиад л хүүхэд гаргана биз" гэхийг дуулах үнэхээр хэцүү байсан. Тухайн үед алтан гартай эмч нарын ачаар миний охин эрүүл болсон. Аав нь охиноо эрүүл саруул болоосой гэж залбиран Гандантэгчилэн хийдийг тойрч 1000 удаа сунаж мөргөснөө надад хэлж байсан. Энэ бүгдээс харахад хүний аав, ээж болно гэдэг асар их хариуцлагаас гадна үр хүүхдийнхээ төлөө чадах бүхнээ хийдгийг харуулж байгаа хэрэг.
-Зарим бөхчүүдийн эхнэр дээл, зодог шуудгийг нь оёж өгдөг гэсэн. Та оёж үзэв үү?
Б.Нарантуяа ээж Ч. Дулам, эгч Б.Жавзандулам нарын хамт
-Миний ээж уран хүн л дээ. Ээж маань шөнө дөл болтол хүний дээл хувцас оёно. Би ээждээ тусалж энгэр, захны цавгийг нь нааж өгнө. Хүүхэд байхад их залхуутай мэт санагддаг байсан учир би оёдолчин болохгүй гэж өөртөө шийдсэн хүн. Гэхдээ хөх зүү хөндлөн хатгаж чадахгүй хүн биш л дээ. Гэрт байсан даавуугаараа ханьдаа дээл оёж эхэлсэн ч дуусгаагүй. Өөрт нь зориулж аваагүй материал байснаас гадна одоо багадсан байх. Тэгж байгаад нэг дуусгах байх даа. /инээв./
-Бүсгүй хүний харцнаас ханийг нь ямар хүн болохыг мэддэг гэдэг. Монголчуудын хайртай, хүндэлдэг бөх Г.Өсөхбаяр ямар хань вэ гэдгийг таны харц хэлж байна. Амжилттай, алдар цуутай яваа эрчүүдийн ард ухаалаг, төлөв түвшин, хүчирхэг бүсгүйчүүд байдаг нь нууц биш?
-Та дээр асуусан даа, оросуудаас сурсан зан байдал нөлөөлж байсан уу гэж. Оросууд гэр бүлийнхээ хүнд цэцэг авч өгөөд ер нь их сэтгэлийн хөөрөлтэй хүмүүс шүү дээ. Би тэр зан чанарын зах зухаас мэдэх учир ханийгаа бас тийм байгаасай гэж мөрөөддөг байсан. Харин миний ханилсан хань тэс өөр хүн. Учиргүй цэцэг барьж гүйгээд байхгүй, уурлаж бухимдаж, хэрүүл хийхгүй ерөөсөө байгаа нь тэр чигтээ эр хүний ноён нуруу ямар байхыг харуулж, амьдралдаа мөрдлөг болгосон хүн. Би ээждээ “Манай нөхрийн хайр их өвөрмөц” гэж хэлж байсан. Янз бүрийн нялуун үг хэлээд байхгүй ч хөдөө явлаа гэхэд даарч, ядрахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх жишээтэй. Миний нуруу өвддөг л дөө. Налаад сууж байгаа энэ эмчилгээний зөөлөвчийг авч өгөх жишээтэй. Хайр нь ханьдаа, үр хүүхдэдээ яг л бодит байдлаар хүрдэг гэж хэлж болох юм. Олон жил хамт амьдрахаар харцаас нь, хөдөлгөөнөөс нь хүртэл бие биенээ мэдэрдэг шүү дээ.Бидэнд үг сөрж байсан удаа байхгүй. Хамгийн гол нь бие биенээ ойлгох, тэр дундаа итгэх гэдэг амьдралд маш чухал.
-Та ханьдаа өгсөн хамгийн үнэ цэнэтэй бэлэг юу бол?
-Бэлэг гэдэг утгаараа олон зүйл өгч байсан даа. Манай гэр бүлийн хамгийн сайхан баярын нэг нь төрсөн өдөр. Хүүхдүүд маань хуруу даран хүлээдэг. Тэр өдөр хүүхдүүд нь би ч бэлэг өгнө өө ханьдаа. Гэхдээ би ханьдаа өгсөн хамгийн үнэ цэнэтэй бэлгээ итгэл гэж би боддог.
-Та хоёрын хүүхдүүддээ аминчлан захидаг сургааль байдаг уу?
-Бидний өссөн орчин хот хөдөөгөөрөө ялгаатай байсан ч аав, ээжийн хэлж захиасан үг, монгол ахуй адилхан учир эмээ, өвөө, ээж, аавынхаа хэлдэг байсан үгийг үр хүүхдэдээ хэлж, хүмүүжүүлж байна. Манай эмээ хүнийг хүндэлж сур гэж хэлдэг байсан. Хийсэн ажлаа дуусгаж, аливаа зүйлд ухаалаг, тэвчээртэй байхыг сургаж байсныг бас хүүхдүүдэдээ хэлдэг. Манай том охин сая дунд сургуулиа А үнэлгээтэй төгсөж, хүссэн сургуульдаа орж чадлаа. Бидний тарьсан мод сайн сайхан ургаж, үр жимсээ өгч эхэлсэн. Түрүүчээсээ амьдралын их далайд амжилттай хөл тавьж буйг харах хамгийн сайхан мөчийн нэг байдаг юм байна.”Миний охин хэн бэ гэдгээ харууллаа, баярлалаа” гэж би охиндоо хэлсэн.
-Та нуруулаг бүсгүйчүүдийн тоонд орно. Воллейбол, сагс тоглодог уу?
-Би чинь хүмүүсийн дунд орохоор өндөр Нараа болчихдог юм. Харин хадмуудынхаа дунд орохоор намхан болчихно. /инээв/ Дунд сургуульд байхдаа сагс сайн тоглодог байсан. Хожим нь дээд сургуульд байхдаа нуруугаа гэмтээснээс хойш тоглохоо больсон.
-Та залуудаа алдарт эх болжээ?
-Тэгсээн, 40 хүрээгүй байсан. Бас л наадмын өмнө долдугаар сарын 8-нд авсан. Хань маань бэлтгэлд гарчихсан байсан учир дөрвөн хүүхэдтэйгээ очиж авсан. Сайхан юм билээ. Гэртээ ирэхэд хадмууд, ах дүү нар цуглачихсан сайхан угтсан. Хамгийн шударга шалгууртай энэ сайхан одонг аваад баярлаж байсан ч хүүхдүүдээ сайн сайхан хүмүүжүүлэх ёстой шүү гэж бодогдож билээ.
-Таны хийдэг ажил надад их сайхан санагдлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусалдаг бололтой юм. Та өөрийн хийдэг ажлынхаа талаар сонирхуулахгүй юу?
-Би энэ ажлаа авахаас өмнө ЭМЯ-нд уламжлалт анагаах ухаан, сэргээн заслын асуудал хариуцсан мэргэжилтэн байсан. Манай байгууллага 99 хүний бүрэлдэхүүнтэй, долоон газар, нэг хэлтэстэй үндэсний хэмжээнд сэргээн засах тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг. Манай байгууллагад 45 ортой эмнэлэг, мэргэжлийн боловсролын сургалт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хиймэл эрхтэн туслах хэрэгсэл хийдэг үйлдвэр байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар дагнан ажиллаад найман жил боллоо. Хараад байхад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ойлгох, туслахад нөлөөллийн ажил чухал байдаг. Энэ чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөөд хэрэгжүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал зөвхөн эрүүл мэндийн асуудал бус тухайн хувь хүний эрхийн асуудлыг бас давхар авч явах учиртай. Эрх яриад ирэхээр хүний амьдралын чанарын асуудал яригдана. Цогцоор нь бид ярьж, ажил хэрэг болгох ёстой юм.
-Баяр наадам ойртлоо. Танай гэр бүл наадмын гоёлоо бэлдсэн үү?
-Сайхан уран охин манай гэр бүлийн дээлийг оёдог. Би ханийнхаа дээлний өнгийг ихэвчлэн сонгоод хийлгэдэг. Энэ жил шүрэн ягаан өнгийг сонгосон.
-Аваргын дээлэнд хэдэн метр даавуу ордог бэ?
-Нарийн энтэй бол 10, өргөн бол таван метр ордог.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.
-Танай сайтаар дамжуулан монголчууддаа баяр наадмын мэнд хүргэе. Энэ жил сайхан зун болж байна. Дэлгэр зуны саруул талдаа дэнж хотолзтол сайхан наадаарай.