Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2024.04.18 11:53
1895
Д.Гантулга: Төв цэнгэлдэхийн удирдлагууд нийтийн өмчийг булааж, авлигын шинжтэй үйлдэл хийсэн эсэхийг тогтоох ёстой

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрын асуудал олон нийтийн анхаарлыг татаад байгаа юм. Үндсэндээ Төв цэнгэлдэх хүрээлэнг эзэмшиж буй компанийн эзэмшилд 38 га газар байсан ч нийслэл цөөнх буюу 49 хувийн оролцоотой болсноос хойш жижиглэж, зарсаар 29 хэсэг салж, одоо “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн эзэмшдэг газар гурав дахин багасаж, 12.6 га газар болсон гэх асуудал хөндөгдсөн. 

НИТХ-ын ээлжит хуралдаанаар ХҮН намаас бүлгийн дүгнэлтээ танилцууллаа. 

ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулга" 2007 онд "Төв цэнгэлдэх хүрээлэн" хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр тус компанийн эзэмшлийг 100 хувь иргэн Т.Нямдаваад шилжүүлсэн бөгөөд 2023 онд Нийслэлийн өмчид буцааж 49 хувийг бүртгэсэн байна.

Анх төв цэнгэлдэх хүрээлэн анх 38,8 га газартай байсан бол одоо 12,7 га газартай болж 26 га газраа бусдад шилжүүлэн орон сууцны хорооллууд баригджээ. Иймд НИТХ дахь ХҮН намын бүлгээс төв цэнгэлдэх хүрээлэнтэй холбоотой дүгнэлт саналуудыг гаргалаа. 

1. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн 49 хувийн эзэмшлийг 100 хувь болгон нэмэгдүүлж иргэн Т.Нямдаваад бэлэглэсэн 2007 оны хуйвалдаанд хэн хэрхэн оролцсоныг ил болгох
2. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн эзэмшлээс нийт 26 га газрыг хэдэн онд, хэнээс хэнд, хэдэн төгрөгөөр, хэний шийдвэрээр шилжүүлсэнийг мэдээлэх
3. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-иас гадна “Улсын цирк, Улаанбаатар спорт менежмент ХХК зэрэгт шалгалт оруулж, хууль хяналтын байгууллагаар эцэслэн шийдвэрлүүлэх

Нийтийн өмчийг булааж, авлигын шинжтэй үйлдэл болсон эсэх, тухайн компанийн хөрөнгийн захиран зарцуулалт зэрэг асуудлыг хууль хяналтын байгууллагаар эцэслэн шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж байна" гэв.