Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эдийн засаг
2024.04.18 12:05
1595
Үндэсний баялгийн сангийн тухай хууль- Баялагтаа бид эзэн болох уу алдах уу...

 “Үндэсний баялгийн  сангийн тухай хууль”-ийн төслийг ойрын өдрүүдэд яаравчилсан горимоор хэлэлцэх гэж байна.  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжихэд стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд заавал нээлттэй хувьцаат компани байх, хувьцааныхаа 20-оос дээш хувийг аль нэг этгээд дангаар болон хамаарал бүхий этгээдийн хамтаар эзэмшихгүй байх, өв залгамжлал болон бэлэглэлээр шилжүүлсний орлогод 30 хувиар татвар ногдуулах зэрэг эрхзүйн орчин зайлшгүй шаардлагатай” гэж үзэж байгаагаа Монгол Улсын Их Хурлын чуулганы /2024.04.04/ хуралдаанд хэлсэн үгэндээ онцолсон. Мөн баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй гэдгээ ч тодорхой илэрхийлсэн.

Түүний мэдэгдлээс энэ хууль батлагдах нь баараагүй  ч анхаарах ёстой хэд хэдэн нугалаас байгааг салбарынхан нь төдийгүй хөндлөнгийн ажиглагчид сануулсаар буй.

Тухайлбал , уул уурхай гэдэг газрын хэвлийд эрдэс баялаг байгаа эсэхийг хайхаас эхлээд  ашиглах хүртлээ олон шат дамжлага, ихээхэн цаг хугацаа зарцуулдаг бизнес. Гэтэл тодорхой цаг хугацаагүй энэ салбарт хөрөнгө оруулалт татаж, хувьцаа эзэмшигчдийн мөнгийг эрсдэлд оруулж болзошгүй заалт байгаа нь банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлттэй өнгө ижил байгаа юм. Гэтэл банк болон уул уурхай тэс өөр салбарт гол учир байна. Уул уурхай байгалийн баялгийг ашигладаг ч дараа нь тэр хэрээр нөхөн сэргээлт, нийгмийн хариуцлага хүлээдэг. Үүнд олон хувьцаа эзэмшигч орж ирснээр олон санаа уралдаж, оновчтой зөв шийдвэр гаргах явц удаашрах, нэгдсэн нэг санаа бодол зөвшилцөлд хүрэхгүй талцаад хоёр тийш хараад суучих магадлал бий. Иймдээ хүрвэл төсөл хэрэгжихгүй гацах, цаасан дээр тоосонд даруулан үлдэх эрсдэлтэй. Нөгөө талаар нээлттэй хувьцаа гаргаснаар стратегийн гэгдэх орд газраа гадны компани, хөрөнгө оруулагчдад  шууд болон дам байдлаар алдах эрсдэл байгааг сануулж байна.

Ирээдүйн өв сан олон эх үүсвэрээс бүрдэхгүй байгаа, сангийн захиран зарцуулах эрх Засгийн газарт хадгалагдаж байгаа нь ирээдүйд хадгалсан баялгаа хэн нэгний сонгуулийн амлалт, төсөл хөтөлбөр санхүүжүүлэхэд зарцуулагдах эрсдэл. Үүнийг л сөрөг хүчин болоод  парламентад суудалгүй намууд эсэргүүцээд буй. Тухайлбал “Шинэ нам”-ын ЕНБД Б.Мөнхжаргал “Улс төрчдийн идэж уудаг сан дахиад нэгээр нэмэгдэх гээд байна. Тиймээс ард түмэнд удирдах, хянах эрхийг өг” хэмээсэн. Үнэндээ энэхүү сангийн эрхийг Засгийн газар, УИХ-аас хараат бус Монголбанк, эрдэнэсийн санд даатгаж нээлттэй хянах эрхийг ард түмэнд олгох нь зөв гарц гэж үзэгсэд цөөнгүй.

Олон улсад ач холбогдол бүхий ашигт малтмалыг олборлох, боловсруулах үйл ажиллагааг дотоодын хувийн хэвшлийн компани нь гүйцэтгэдэг. Улмаар баялгийн санд бүрдсэн хөрөнгийг улс төрчид, эрх мэдэлтнүүдийн нөлөөллөөс ангид Хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан гадаадын хамгийн найдвартай, тогтвортой үр өгөөжтэй хөрөнгө оруулалт болох ЗГ-ын бонд, үнэт цаас худалдан авах байдлаар үр ашигтай өсгөдөг. Хэрвээ энэхүү зарчмаар бид улс төрөөс ангид амжилттай хэрэгжүүлж чадвал ирээдүйд хэрэгцээт стратегийн салбаруудад хөрөнгө оруулж, улс үндэстэн нийтээрээ хожно. Үгүй бол хэн нэгэн улс төрчдийг санхүүжүүлэн дараа нь магадгүй “Стратегийн орд газрын сонсгол” зохион байгуулахдаа тулах вий.