Э.Билгүүтэй
Сэтгүүлч
Улс төр
2024.04.18 13:33
2222
АЗХ: Эрүүгийн хуулийн 13.14 заалтаар үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг хорьж байна

Ардчилсан залуучуудын холбооны зүгээс Эрүүгийн хуулийн 13.14-ийн заалтаар үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг яллаж байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.

АЗХ-ны ерөнхийлөгч Б.Ган-Очир:  Эрүүгийн хуулийн 13.14 заалт бол үндсэн хууль зөрчиж байна. Олон улсын хүний эрхий байгууллагууд энэ заалтыг захиргааны журмаар шийдэхийг зөвлөсөн. Тодруулбал бусдыг доромжилсон, гүтгэсэн, худал мэдээлэл тараасан зөрчлүүдийг захиргааны журмаар шийдэх хэрэгтэй. Харин Монголд үүнийг эрүүгийн хуулиар шийдэж байна. Ингэснээр хэвлэл мэдээлэл эрх чөлөөгүй болж эхэлсэн. Сэтгүүлчид, улс төрийн намын сөрөг хүчнүүд эрх чөлөөгүй болсон. Олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлдэг хүн бүр эрх чөлөөгүй болж байна. Энэ хуулийг ашиглан хүссэн цагтаа энэ хүмүүсийг дуудаж авчирна, тамлана, шоронд хорино. Ийм нийгмийг энэ хуулийн зүйл заалт үүсгэжээ гэж олон улс даяараа үзээд байна. Монголчууд эрх чөлөөний индексээр ухарч байна. Иймд бид УИХ дахь МАН-ын бүлэгт шаардлага хүргүүлж байна гэлээ

Уг шаардлагад: Монгол улсын үндсэн хуулинд Монгол улсын иргэн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхтэй гэж заасан байдаг. Гэвч Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт нь цахим сүлжээнд үзэл бодлоо илэрхийлсэн иргэн, иргэдийн мэдэх эрхийн дагуу ажлаа хийж сайд дарга нарын үнэнийг илчилсэн нийтлэл нэвтрүүлэг хийсний төлөө эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах үндэслэл үүсгэж байна. Иймд уг зүйл заалтыг эрүүгийн хуулиас хасахыг шаардаж байна гэжээ.