Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Засгийн газар
2024.04.18 17:19
1302
Д.Амарбаясгалан: Малчдын зээлийг нэг жилээр хойшлуулж, хуримтлагдсан хүүгийн 75 хувийг улсын төсвөөс төлнө

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 10-ны өдөр Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Харин тэрээр тус хуулийн төслийнхөө талаар байр сууриа илэрхийллээ. 

Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын дарга:  Монголын уламжлалт мал аж ахуйн салбарыг сэргээх хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх зорилгоор засгийн газар энэ хуулийн төслийг өргөн барьсан. Малчдыг жоохон чинээлэг болгох гээд асуудал шийдээд хуулийн төсөл боловсруулахаар уурлаад байх юм. Яагаад малчид сэргэж болохгүй юм бэ. Яагаад малчид чинээлэг, дундаж давхаргыг төлөөлдөг иргэд байж болохгүй юм бэ. Зөвхөн зээлэндээ баригдсан, зээлийнхээ өрийг тэглүүлсэн ядуу гэсэн статустай байх ёстой юм уу. Энийг гайхаж асууж байна. Монгол Улсын засгийн газрын зүгээс малчид руу чиглэсэн 3 бодлогыг авч хэрэгжүүлж байна.

Нэгдүгээрт, Хэрэглээний зээл буюу өнгөрсөн хугацаанд авсан зээл нь цас зудын нөхцөлөөс болоод төлөхөд хүндрэл үүссэнтэй нь холбогдуулаад зээлийн эргэн төлөлтийг үндсэн зээлийг нэг жилээр хойшлуулах.Нэг жилээр хойшлуулсантай холбоотойгоор хүү хуримтлагдана. Хуримтлагдсан хүүгийн 75 хувийг улсын төсвөөс татвар төлөгчдийн мөнгөнөөс төлж барагдуулах ажлыг хийж байгаа. 

Хоёрдугаарт, Хагас жилийн мал тооллогын дүнгээр малын хорогдлын тоо эцэслэгдэн гарна. Малын хорогдлын тоо эцэслэгдэн гарсантай холбогдуулаад малжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Малжуулах хөтөлбөрт зориулж 2024 оны улсын төсөвт 22 тэрбум төгрөг батлагдсан байгаа. Тэгэхээр хэчнээн өрх малжуулах хөтөлбөрт хамрагдах вэ гэдгээс хамаарч нэг өрхөд хэдэн төгрөгийн дэмжлэг үзүүлэх үү гэдгийг харж байгаад тогтооно. 

Гуравт, Мал аж ахуйн салбарыг цогцоор нь хөгжүүлэх төлөвлөгөөг засгийн газар боловсруулсан. Малчид өнөөдөр хэрэглээний зээл жилийн 22-24 хувийн хүүтэй авч амьдарч байна. Олон малтай байж арилжааны банзнаас зээл авах эрх үүсдэг. Яг энэ байдлаараа үргэлжлэхэд малчид цаашдаа амьдрах нөхцөл хүнд байна. Өнөөдөр дундаж малчны орлого сарын 1.5 сая төгрөг байна. Сарынх нь зардал 2.1 сая төгрөг байна. 

Бичлэг үзэх: