Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2024.04.18 17:47
1765
Эрдэмтдийн судалгааны бодит үр дүнд тулгуурлан улсынхаа хөгжлийн үзэл баримтлалыг батлах нь нэн чухал

Монгол Улсын Эрдмийн Их сургуулиас “Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, асуудал ба шийдэл” сэдэвт шинжлэх ухаан-практикийн хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр болон салбар бүрийн  60 гаруй эрдэмтэн, судлаачид оролцлоо.

“Монголын нийгэм: парадигмын шилжилт, хандлага” сэдвээр (Sc.D), Профессор Х.Батцэнгэл, “Хүн төрөлхтний шинэ иргэншлийн онцлог” сэдвээр (Sc.D), Профессор С.Бумням нар тус тус илтгэл танилцууллаа.

Дээрх хэлэлцүүлгийн үеэр улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд эрдэмтэн, судлаачдын судалгааны бодит үр дүн, байр суурийг шийдвэр гаргагчид, олон нийтэд нээлттэй хүргэх нь нэн чухал талаар онцлон тэмдэглэлээ.

Мөн гаднын өндөр хөгжилтэй орнуудын жишээн дээр тулгуурлан хөгжлийн үзэл баримтлалаа батлах бус өөрсдийн оронд тохирсон загварыг бий болгосноор улсынхаа хөгжлийг хурдасгаж чадна гэдгийг эрдэмтэн, судлаачид хэллээ.

Тус хэлэлцүүлгээс Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, түүнтэй холбоотой тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замын талаар зөвлөмж гаргана гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр:

- Дэлхийн хүн ам 8 тэрбумд хүрч, цар тахал, геополитик зэрэг маш олон хүчин зүйлээс шалтгаалж хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал тулгамдаж эхэлж байгааг НҮБ-аас мэдээлсэн. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлсэн. Мөн олон улс технологийн эрин үе рүү эрчимтэй шилжиж, аж үйлдвэрийн хувьсгал хурдацтай өрнөж байна. Тиймээс манай улс ч мөн энэ цаг үетэй уялдуулан төрийн бодлого, шийдвэрээ гаргаж байгаа. Бид ямар учраас дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай ижил түвшинд хөгжиж чадахгүй байгаа талаар өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Мэдээж үүний хамгийн том шалтгаан нь авлигал юм.  Авлигын асуудлыг таслан зогсоох зайлшгүй шаардлагатай. Мөн Монгол Улсад бүхий л салбарт системийн хямрал нүүрлээд байна. Тиймээс тогтолцооны шинэчлэл хийх хэрэгтэй. Тэгж байж л бид хөгжлийн гарцыг бий болгоно гэдгийг онцгойлон хэлье. 

МУЭИС-ийн захирал, Шинжлэх ухааны доктор(Sc.D), профессор Ч.Зэгиймаа:

-“Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, асуудал ба шийдэл” сэдэвт шинжлэх ухаан-практикийн хэлэлцүүлэгт тал бүрийн эрдэмтэн, судлаачид оролцож Монгол Улсын хөгжлийн өнөөгийн түвшин ямар байгаа талаар шинжилгээ хийлээ. Мөн ковидын дараа дэлхий нийт ямар онцлогтой нийгэм рүү шилжсэн талаар хэлэлцлээ. Монголын нийгэм бол өөрөө нэг том систем. Систем дотор олон тогтолцоо бий, тогтолцоо дотор олон бүрдүүлгүүд байдаг. Харин бид тэр бүрдүүлгүүдийг байх ёстой газар нь зөв байрлуулж чадахгүй байгаа учраас систем доголдоод байна. Үүнийг шийдэх хамгийн том гарц нь мэдлэгтэй боловсон хүчин бэлтгэх, шинжлэх ухааныг дэлгэрүүлэх юм.