Э.Билгүүтэй
Сэтгүүлч
Нийгэм
2024.04.23 16:06
1685
"Хайлааст"-д гарсан ослын хохирогчдын биеийн байдал хүнд байна

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Хайлааст орчимд энэ сарын 17-нд зам тээврийн ноцтой осол гарч, 16 настай охин амиа алдсан. Тодруулбал, “Toyota Prius” маркийн автомашин “Hyundai Verna” маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас явганаар зорчиж байсан долоон иргэнийг мөргөсөн байдаг. Осолд өртсөн дөрвөн иргэн нэг гэр бүлийнхэн байсан.

Осолд өртөж амиа алдсан охины 26 настай эгч, дүү нар ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм. 

Осолд өртөж хүнд гэмтэл авсан 26 настай иргэний биеийн байдал одоогоор маш хүнд байна. Ухаан санаа нь орж гарч байгаа гэдгийг түүний найз ярилаа. 

-Сэтгэл санаа хүнд байгааг тань ойлгож байна. Маргаашнаас эхлэн хандивын аяныг эхлүүлэх гэж байгаа учир нөхцөл байдлын талаар ярилцлага авч байна. Уучлаарай. 

Сая ороод гараад ирлээ. Сэтгэл үнэхээр аймшигтай өвдөж байна. Ухаан орсонд нь уг нь баярласан. Гэвч ухаан нь орон гаран байгаа. Байгаа нөхцөл байдлыг нь харахад үнэхээр хэцүү. Ухаан оронгуутаа хүүгээ асуусан. Үхтэл үр харам гэгчээр шууд л хүүгээ асуусан. Ямар ч байсан хүүгээ санаж байна гэдэг нь ухаан санаа нь орж ирж байна гэсэн үг. Дөнгөж 26 настай эмэгтэй хүний хувьд үнэхээр хүнд зүйлийг үзэж байна. Эгч минь намайг сэтгэлээр дэмжих гэж орсон юм чинь битгий уйл гэсэн. Уйлахгүй тэвчиж байгаад наашаа гарч ирээд үнэхээр тэссэнгүй. 

-Хоёр бага насны хүүхдийн биеийн байдал ямар байна?

Маргааш нэг нь хагалгаанд орно. Хөлний хагалгаанд орно. Найзын минь биеийн байдлыг эмч нар маргааш хэлэх юм байна. Өнөөдрөөс би ямар ч байсан зургийг нь дараад хандивын аяныг эхлүүлэх гэж байна. Монголын ард түмнээсээ хандивын аянд оролцож энэ хүмүүст, энэ гэр бүлд туслаасай гэж хүсэж байна. /уйлав/

Хохирогчдын ээж: Охиныгоо эрүүл гараад ирээсэй л залбирч байна. Миний хүүхдүүдэд тохиолдсон шиг зүйл бусдад битгий тохиолдоосой л гэж хүсэж байна. Өөрсдийн буруугаас болоогүй, зүгээр явган хүний замаар явж байгаад л ийм зүйл болчихлоо. 

-Охин нь ухаан ороод ээжийгээ таньж байна уу?

Өчигдөр ухаан ороод тааруухан таньж байсан. Өнөөдөр овоо сайн санаж байна лээ. 

-Дүүгээ нас барсныг мэдээгүй байгаа юу?

Хэлээгүй байгаа. Өөрөө хэцүү байгаа хүнд цочир мэдээ дуулгаж болохгүй гэж бодоод хэлээгүй байгаа.

-Хагалгаанууд амжилттай болсон уу?

Тийм. Гэхдээ одоо дахиад том 2 хагалгаа үлдсэн. Нурууны хагалгаа үлдсэн байгаа. Одоогоор амь наснаас холуур хагалгаанууд нь хийгдсэн. 

-Хандивын аяны талаар мэдээлэл хүргээч?

Масс.мн сайтын сэтгүүлч намайг Батжав өмгөөлөгчтэй уулзуулсан. Хуулийн талаасаа энэ хандивын аяныг явуулах нь ямар нэгэн шүүх хуралдаанд нөлөө үзүүлэхгүй учир явуулж болно гэж хэлсэн. Одоо тэгээд өмнө ба одоо гэсэн зургийг нь харьцуулж тавиад хандивын аяныг эхлүүлэх гэж байна. Ард түмнээсээ чин сэтгэлээсээ хандивын аянд нэгдээрэй гэж гуйж байна. 

-6 сард хашаанаасаа нүүх шаардлага үүссэн гэж сонссон. Энэ талаараа ярихгүй юу?

Тийм. Эзэн айл нь 6 сард нүүгээрэй л гэсэн. 

-2 хүүхэд бас хагалгаанд орох уу?

11 настай нэг хүүхэд нь хагалгаанд маргааш орно. Хөлний хагалгаанд орно. Хоёр хүүхэд бас цус харвалттай байгаа. 

-Осол гаргасан жолооч нарын талаас туслалцаа үзүүлж байна уу?

Нэг ар гэрээс нь 16 настай хүүхдийн оршуулгын зардлыг гаргаж байгаа. Нөгөө талын жолооч талаас нь сураг байхгүй. Дээр нь цагдаа нар ийм хүнд зүйл тохиолдсон байгаа гэр бүлийхнийг ирж мэдүүлэг өг гэж шаардаж байгаа нь хүндрэлтэй байгаа. Бүхэл бүтэн нэг хүүхдээ алдаад, бусад хүүхдүүд нь ийм хүнд байдалтай эмнэлэгт байхад цагдаа нар ингэж байгаа нь улам хэцүү болгож байна. 

-Осол гаргасан жолооч нарыг хорьсон эсэх талаар мэдээлэл байна уу?

24 цаг ямар ч байсан амиа хорлохоос нь сэргийлж хорьдог гэсэн. Тэрнээс хойш юу болсон талаар цагдаа нар мэдээлэл өгөөгүй байгаа. Осол яаж гарсан, хүүхдүүд хаана явж байсан гэх мэт ямар ч мэдээллийг одоогоор цагдаагийн байгууллагаас өгөөгүй л байна.