Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2024.04.24 14:42
2307
С.Амарсайхан: Зарлан мэдээлэх системийг шинээр хийх 30 сая долларын төсөл хэрэгжүүлнэ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. 

Тэрээр" Монгол Улсын Засгийн газраас үндэсний гамшигтай тэмцэх сөрөн тэсвэрлэх чадавхыг дээшлүүлэх, гамшигтай тэмцэх байгууллагын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр багагүй ажлуудыг хийж байна. Сүүлийн жил гаруй хугацаанд эрсдэлийг бууруулах стандарттай стратеги хөтөлбөрийг боловсруулж судалгаа тооцоотойгоор гарч болзошгүй аюулыг бууруулах хэд хэдэн бодлогыг боловсруулж ажилласан. 

Онцгой байдлын алба хаагчдын хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж, машин механизм шаардлагатай бааз суурийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор нийт 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвт тусгагдлаа. Хоёрдугаарт, энэ байгууллагын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, сургах дадлагажуулах, ур чадвараа дээшлүүлэхэд чиглэсэн ажлуудыг идэвхжүүлэх зайлшгүй шаардлага байна.

Гуравдугаарт, одоо байгаа эрэн хайх аврах, гал түймэртэй тэмцэх нэгж бүлгүүдийн тоог нэмэгдүүлэх хүрээнд ЗГ-ын хуралдаанаар яригдлаа.  Хүний нөөцийн хувьд байх ёстой тооноосоо 60 хувь дутуу явж байгаа гэж ойлгож болно. Шаардлагатай орон тоог батлах, төсөв тусгаж өгөхийг өнөөдрийн хуралдаанаар Сангийн сайдад үүрэг болголоо. 

БЗД-ийн 26-р хороонд гарсан газын дэлбэрэлтийн хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтийг ЗГ-ын хуралдаанд танилцуулсан. Тухайлбал газын дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг дахин ашиглах боломжгүй гэдэг дүгнэлт гарсан учраас буулгаж шинээр барих, газрыг нь чөлөөлөх, тэнд амьдарч байсан өрхүүдийн орон сууцны асуудлыг Нийслэлийн эрх мэдэл рүү шилжүүлсэн" гэлээ. 

Шууд дамжуулалт үзэх: