Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.04.24 15:27
2723
Өмнөговь аймгийн газар нутгийг Хятадын компаниудад өндөр үнээр зарсан хэрэгт шалгагдаж буй Х.Нэхийт засаг даргын ажлаа хийсээр байна

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт, Ш.Энхжаргал нарыг хууль бусаар, Өмнөговь аймгийн газар нутгийг БНХАУ-ын компаниудад өндөр үнээр зарж, эзэмшүүлсэн хэргээр 2023 оны арванхоёрдугаар сард цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголоор Х.Нэхийт нь нийт 60 га газрыг дөрвөн компанид, Ш.Энхжаргал 59.1 га газрыг Хятад эзэнтэй дөрвөн компанид тус тус эзэмшүүлсэн талаар дурьдсан. 

Сонсголын үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

"Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтийн захирамж бүгд газар эзэмших эрхийн гэрчилгээгээр гадны иргэн болон компаниудад өгсөн байна. Орон нутгийн газрыг гадаадын иргэдэд ямар хугацаагаар ашиглуулдаг вэ. Нэг га газрыг нэг тэрбум төгрөгөөр үнэлж, зардаг юм байна" хэмээн мэдээлсэн. 

Өнгөрсөн нэгдүгээр сарын 26-ны өдөр шүүхээс Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Х.Нэхийтийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг хүлээн авсан бол Ш.Энхжаргалыг үргэлжлүүлэн хорих саналаас татгалзаж шийдвэрлэсэн.

Улмаар Нэгдүгээр сарын 26-ны өдрөөс хоёрдугаар сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн нэг сар хоригдох прокурорын саналыг хүлээн авсан хэдий ч Х.Нэхийт нэгдүгээр сарын 30-нд гомдол гаргаснаар “хилээр гарахыг хориглох” таслан сэргийлэх арга хэмжээ авч, сулласан талаар шүүхээс мэдээлсэн. Тэрээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг даргын үүрэгт ажлаа хийсээр байна.

Тухайлбал Өмнөговь аймагт болсон /2024/04/23/ "Гүнээсээ хайрлая" усны хэлэлцүүлэгт иржээ. Өмнөговь аймгийг улс дотроо улс болчихсон гэж хэн хүнгүй л ярьдаг. Хятад компаниуд, Хятадын иргэдээр дүүрчихсэн. Үүнийгээ дагаад дарга нар нь хүртэл мөнгөний төлөө юугаа ч худалдахад бэлэн. Энэ мэт асуудлыг таслан зогсоохгүй юм бол улс дотроо улс болчихсон Өмнөговь аймаг Хятадын эзэмшилд орох нь энүүхэнд байна...... 

 

 

                                                                                                                                                                                                                                   

                                                                                                                                                                                                                                   Зургийн эх сурвалж: Оyu tolgoi