Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.04.25 11:59
1845
С.Эрдэнэ:Монголын үндэсний ардчилсан намын ерөнхий зөвлөлийн хуралдаан дээр С.Зоригийг ерөнхий сайдад дэвшүүлэх санаачилга гараагүй

АН-ын дарга асан С.Эрдэнэ мэдээлэл өглөө. Тэрээр "С.Зоригтой хамт тэмцэж байсан нөхдийг буруутгаад явж байна шүү дээ. Тухайн үед би Нийслэлийн Ардчилсан намын дарга байсан хүний хувьд хувьд АН-ынхан С.Зоригийг ерөнхий сайдад нэр дэвшүүлснээ амь насыг нь хөнөөсөн юм шиг , ардчиллын нөхөд нь түүний амь насанд буруутай юм шиг пиар яваад байна. Харамсалтай нь тийм биш. Би өөрөө хариуцлагатай алба хашиж байсны хувьд хариуцлагатайгаар хэлэхэд сүүлийн үед захиалгаттай гэмээр ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан гэх худал яриа гараад байна. Аливаа юм баримт дээр тулгуурлах ёстой. Тэгвэл тэр үед яригдаж байсан тогтоол шийдвэр, хурлын протокол хаана байгаа юм. Хэн ч зохиогоод ярьж чадна.

Гэтэл тухайн үед Монголын үндэсний ардчилсан намын ерөнхий зөвлөлийн хуралдаан дээр ямар нэг байдлаар С.Зоригийг ерөнхий сайдад дэвшүүлэх санаачилга гарч байгаагүй. Үүнийг би өөрөө намын удирдлагад байсны хувьд хариуцлагатайгаар хэлнэ.

 Гадуур С.Зоригийг ерөнхий сайд болгох ёстой,  зүйтэй гэх яриа явж байсныг үгүйсгэхгүй ч албан ёсны яриа, лав л манай намын удирдах байгууллагаар яригдаж байгаагүй. Тухайн үед би С.Зоригтой ойр дотно байсны хувьд тэр хүний  хувийн онцлог , зан чанарыг би мэднэ. Тэр хүний үхлээр улс төр, бизнесийн ашиг хонжоо хайх гэж байгаа хүмүүст зохиомол зүйлийг битгий бий болгоорой. Энэ хүний үхлээр олон хүн ашиг хонжоо, бизнес оллоо шүү дээ. Гурван шатны шүүхээр хэрэг нь шийдэгдсэн, олон зуун хүн гүйцэтгэх ажиллагаагаар шалгагдсан хэргийг яагаад хуйвалдаан гэж үзэж байгаа юм. Олон зуун хүн хуйвалдаж болдог юм уу. Хоёр гурван хүний хүрээнд бол хуйвалдаан гэж үзэж болно. Энэ хооронд олон зуун хүн хуйвалдах боломжгүй шүү дээ. Тэгвэл монголд шүүх засаглал гэж байхгүй юм байна. Прокурор, цагдаад итгэх боломжгүй юм  байна. Монголын төр юун дээр оршин тогтнох вэ. Одоо хэрэгт холбогдсон хүмүүс хэдэн тэрбумаар нь нөхөн олговор шаардаж байгаа жүжгээ одоо боль л доо" гэлээ.