Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2024.04.25 13:32
2765
П.Цагааны 100 хувь эзэмшдэг гэх "Ачит ихт" ХХК-д Ц.Элбэгдорж хувьцаа эзэмшигчээр данс нээлгэж байжээ

“Ачит ихт” ХХК-тай холбоотой асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. 

“Ачит Ихт” компани 2003 онд байгуулагдаж 2009 онд хувьцаа эзэмшигчид нь өөрчлөгдснөөр 2013 онд "Эрдэнэт" үйлдвэртэй анх гэрээ байгуулж овоолго ашиглах нөхцөл нь үүсэж байжээ. Улмаар 2014 онд байгуулсан гэрээгээр 34 хувийг нь "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ эзэмшихээр тохирсон. Гэвч 2015 онд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас гарсан ажлын хэсэг уг гэрээг дүгнээд "Эрдэнэт үйлдвэр"-т ашиггүй учраас эзэмшлээсээ татгалзах нь зүйтэй гэдэг шийдвэр гарсан байдаг. Тиймээс уг шийдвэрийг хүчингүй болгож, энэ шийдвэрийг гаргасан албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллэсэн.

Өнгөрсөн найман жилийн хугацаанд “Ачит Ихт” компанийн нийт борлуулалтын орлого нь 535 орчим сая ам.доллар. Үйл ажиллагааны зардал нь маш бага. Учир нь, үүсмэл ордыг бий болгоход "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 500 орчим сая ам.доллар зарцуулжээ. 

"Ачит ихт" ХХК-ийн хувьцаа эзэмшигчид:

Цаглавар ХХК болон Степпкупер гэх 2 компани байдаг. Степпкупер ХХК нь 2010 онд байгуулагдаж байсан. 4 хувьцаа эзэмшигчтэй. 

  1. 24.5 хувийг Эрдэнэцэцэг
  2. 25.5 хувийг түүний нөхөр П.Цагаан 
  3. 24.5 хувийг хүүхдүүд нь болох Ц.Мөнхтүвшин, Ц.Намуударь эзэмшдэг. 

Харин "Ачит ихт" ХХК-ийн 22 хувийг Цаглавар ХХК эзэмшдэг. Харин тус компани нь 2016 онд байгуулагдаж байжээ. Гүйцэтгэх захирлаар нь У.Өлзийжаргал ажилладаг. Цаглавар ХХК-ийн эзэмшлийг шалгаж үзэхэд 100 хувь Степпкупер ХХК-ийн 24.5 хувийг эзэмшдэг Эрдэнэцэцэг буюу Пунцагийн Цагааны эхнэр эзэмшдэг нь улсын бүртгэлийн мэдээллээр тогтоогджээ. 

Мөн Цаглавар ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг У.Өлзийжаргал нь Степпкупер ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор давхар ажилладаг. 

Цаглавар ХХК-ийн тухай дурьдвал: 2016 онд уул уурхайн зөвлөгөө өгөх чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Тус компани нь Ачит ихт ХХК-ийн 22 хувийн ногдол ашигийг авахаас өөр ямар нэгэн төрлийн үйл ажиллагаа явуулаагүй байна. Мөн Цаглавар ХХК-ний арилжааны банкны тоот дансанд 13,6 сая доллар орсон болох нв мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ. 

Мөн өнөөдөр ЦЕГ-аас  Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон Ачит ихт ХХК-ийн эзэмшигч, төрийн дээд албан тушаал хашиж байсан иргэн Пунцагийн Цагаан нарийн чатыг ил болгосон юм. 

Хэргийн баримт: 

Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нь 2019 онд арилжааны банкинд долларын хугацаатай хадгаламж болон цахим банкны үйлчилгээний гэрээ байгуулжээ. Харин Ц.Элбэгдорж дээрх гэрээнүүдийг байгуулахдаа "Ачит ихт" ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэж бичигдсэн байна.