Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монголын багш нарын VIII их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор “Багшийн гурван тулгуурт бодлого” цогц арга хэмжээг баталлаа. Цогц арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөг холбогдох талуудын оролцоотой хамтран боловсруулж, батлан хэрэгжүүлэх, төрийн өмчийн бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын багш нарыг компьютержуулах, цахим сургалт зохион байгуулах орчин, нөхцөлийг бүрдүүлэх ажлыг үе шаттай авах, шаардагдах санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа. “Багшийн гурван тулгуурт бодлого” цогц арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд багш мэргэжлийн нэр хүнд, үнэлэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр салбар бүр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгасан юм. Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажилласнаар Бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын мэргэжлийн багшийн хангалт 100 хувьд хүрсэн байна. Багш бэлтгэдэг дээд боловсролын сургалтын байгууллагын гарааны багшийн стандартын хангасан төгсөгчийн эзлэх хувь 70-аас доошгүй хувьтай байна. Багшийн гүйцэтгэлийн үнэлгээний улсын дундаж 10-аас доошгүй хувиар нэмэгдсэн байна. Багшийн нийгмийн баталгаа, цалин хөлсний талаарх сэтгэл ханамжийн түвшинд жил бүр ахиц гаргана. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багшийн мэргэжлийн мэдлэг, ур чадварын үнэлгээний үр дүнд ахиц гарсан байна. Багшийн цалин хөлсний дундаж хэмжээ нь улсын дундаж хэмжээнд хүрсэн байна. Нэг багшид ногдох суралцагчийн улсын дундаж 20-д хүрсэн байна.