Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.05.06 10:05
611
Монголын кино урлагт 45-н жилийн дараа “Бэрх шагай” хэмээх Монгол үлгэрийн кино мэндэллээ

Кино урлаг сонирхогчдынхоо чихэнд нэгэн таатай мэдээг дуулгах гэж байна.

Учир нь “Бэрх шагай” хэмээх Монгол үлгэрийн кино 2024.05.17-нд бүх кинотеатруудаар албан ёсоор нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болоход бэлэн болсон байна.

Тус кино нь Монголын кино урлагт 45-н жилийн дараа хийгдэж байгаа үлгэрийн кино гэдгээрээ онцлогтой бөгөөд үзэгчдийн дунд их хүлээлтийг үүсгээд байгаа юм.

“Бэрх шагай” УСК нь Монголын ам дамжин яригддаг үлгэр туульсыг дэлгэцийн бүтээл болгож гол дүрийг амилуулан хойч үе болсон залуучууд, кино сонирхогчид, орчин цагийн хүүхэд, багачуудад эрт дээр үеэс өвлөгдөж ирсэн Монголынхоо өв соёлыг тээж аман зохиолын үзэл санаа, хүнийг хүндлэх, мэндлэх ёс, хүнээс үг сонсохын ач тус, сургаалийг үлгэрийн баатруудын дүрээр хүргэж байгаагаараа бусад кино бүтээлээс онцлог болох талаар кино бүтээгчид онцоллоо.

Киноны гол дүрүүдэд МУГЖ Б.Базаррагчаа, МУСТА С.Сарангэрэл, МУСТА В.Агар, МУСТА Б.Дамдинсүрэн, жүжигчин М.Дагвадорж, Н.Маралгоо, Б.Хишигбаяр, Х.Ганцоож, С.Бат-Эрдэнэ нар тоглосон бол зохиолч, найруулагчаар Ч.Билгүүн, П.Анхааханаа нар ажиллажээ. Мөн киноны нүүр хувиргагч болон санаачлагчаар Г.Хос-Эрдэнэ буюу Hoze ажилласан байна.

Энэхүү кино нь таныг хором ч уйдаахааргүй сонирхолтой хийгдсэн тул заавал үзэх киноны жагсаалтандаа багтаагаарай.