Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Засгийн газар
2024.05.16 10:03
1502
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөх, гэмт хэргийг таслан зогсоох, онц байдлын үед хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авах эрхийг нэмж тусгах, түүнчлэн байлдааны талбар, энхийг дэмжих болон терроризмын эсрэг тусгай ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, байлдааны галт хэрэгслээр буудлага хийх, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, аюултай хорт бодистой үүргийнхээ дагуу харьцах, гамшиг, онцгой нөхцөлийн байдалд ажиллах зэрэг хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртсөн, нас барсан цэргийн алба хаагчийн ар гэрт олгох тэтгэвэр, тэтгэмжийн эрх зүйн зохицуулалтыг сайжруулахтай холбоотой зохицуулалтуудыг нэмж оруулахаар тусгаад байгаа юм.

Мөн хуулийн төсөлд, чиг үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртсөн, нас барсан цэргийн алба хаагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэжээгчээ алдсаны тэтгэврийг хөдөлмөрийн чадваргүй гишүүний тооноос үл хамааран 100 хувиар тогтоохоор, мөн тухайн цэргийн алба хаагчийн гэр бүлд 80 метр квадратаас доошгүй талбай бүхий орон сууцыг нэг удаа олгохоор, ийнхүү олгох орон сууцны үнийн дүнгийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тус тус заасан байна.

Хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 03-ны нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийг зүйл, заалт нэг бүрээр хэлэлцэв. Хуулийн төслийн 4 дүгээр зүйлд, тус хууль батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх тухай тусгасан нь Төсвийн тухай хуультай зөрчилдөж байгаа талаар Байнгын хорооны дарга П.Анужин сануулж, Улсын Их Хурлын гишүүдийн байр суурийг асуусан юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, хуулийн төслийг Төсвийн тухай хуультай уялдуулна гэвэл батлагдсан өдрөөс нь хэрэгжүүлэх боломжгүй тул зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргаж, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн юм.

Харин хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба, 2025 оноос мөрдөөд явах боломжтой гэсэн хариулт өгөв. Иймд Байнгын хорооны дарга санал гаргаж, төслийн 4 дүгээр зүйлийг “Энэ хуулийг 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэсэн томъёоллоор найруулан, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.