m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.11 04:47
220
Дэлхийг доргиосон монгол наадам эхэллээ

Дэлхийн түүхийг бичилцсэн Монгол түмний их баяр наадам эхэллээ. Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808,  Ардын хувьсгалын 93 жилийн ойн баярын өдөр нар хур тэгширсэн сайхан өдөр байгаа нь наадамчин олны баяр дээр баяр нэмж байна.  Төрийн есөн хөлт цагаан тугийг төрийн ордноос хүндэт харуулынхан гүн хүндэтгэлтэйгээр Төв цэнгэлдэх хүрээлэнд залан авчирлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  наадмыг нээж үг хэлээд монгол түмэндээ элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан, сайхан наадахыг хүсэн ерөөв.

Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Сосорбарам сүүлийн хоёр жил баяр наадмын ерөнхий найруулагчаар нь ажиллаж байгаа. Их түүхийнхээ он дарааллыг харуулсан тоглолт бэлтгэн наадамчин олноо баясгалаа. Наадмыг Монголын сор болсон уртын дуучид “Эртний сайхан” дууг дуулж, наадамчин олон түрлээ. Энэ удаа найрулагч маань түүхэнд бүртгэгдсэн таван хувьсгалыг харуулахыг зорьжээ. Энэ шийдэл нь олон нийтэд ч таалагдаж буй нь илт. Жил жилийн наадам онцлог үйл явдал, урлагийн тоглолттой байдаг. Энэ жил наадмын нээлтэд эх орныхоо өмнө тангараг өргөж, энхийг сахиулах ажилд оролцох цэрэг, офицерууд олноороо оролцсон байв. Мөн ардчилсан хувьсгалын сүлд дуу “Хонхны дуу”-г “Увертюра” хамтлагийнхан дуулсан нь сонин бас содон байлаа.

“Толин хул” эгшиглэхгүй бол наадам хөг алдах мэт болсон нь нууц биш. Энэ удаа монголчуудын амны дуу болсон “Толин хул”-ын аянд наадмын нээлтэд оролцож буй  авьяастнууд бүжсэн нь наадамчин олныг хөгжөөв. Жил ирэх бүрт монголчууд монгол хувцсаараа гоёж, төрийн дуулалаа дуулахдаа зүрхэн тушаа гараа тавьсан нь монгол хүн бүхний сэтгэл зүрхийг хөдөлгөж байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ удаа бор шаргал дээл, малгайгаар гоёсон бол УИХ-ын дарга З.Энхболд хүрэн, Ерөнхий сайд Н.Алтанхуяг  цайвар ногоон өнгийн дээлээр  гоёжээ. Монгол түмний их баяр наадмын гадаадын олон жуулчид үзэж сонирхохоор ирсэн байв.

Монгол түмний их баяр цэнгэл монгол наадмын эргэн тойронд сонин , хачин үйл явдлаар дүүрэн байна. Наадамчин олон ч сэтгэл хангалуун байна. Манай сурвалжлах хэсэг дараа дараагийн мэдээлэл, сурвалжлагаа хүргэх болно.