Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2024.05.22 16:27
6236
Сонсогдох ч зүйлгүй ногоон автобусны сонсгол гол гэрчүүдгүйгээр "шоудаж" өндөрлөв

"Ногоон автобус"-ны худалдан авалтыг хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр өдрийн турш зохион байгуулж, өнөөдөр хаалаа. Бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн, цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд  нар ажиллав.

Хэд хэдэн удаа хойшилж, дуншиж, дуншиж эхэлсэн сонсгол ийнхүү хоёр өдрийн хугацаанд нийт 96 гэрч оролцох ёстойгоос 66.7 хувийг оролцуулж, тайлбар, мэдээлэл сонссон гэх. Харамсалтай нь гол гэрчүүд болох Хотын дарга асан Д.Сумъяабазар, "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг нар сонсголд оролцсонгүй.

Нэг ёсондоо, сонгуулийн дуулианд дарагдаж, нөгөө талаараа эрх баригчид ч сонсгол хийсэн гэх нэртэйгээр нэрээ цэвэр авч үлдэх санаархал хоршиж, сонсогдох ч зүйлгээр хоцорлоо. Түр хорооны дарга, Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй гишүүд "гэрчүүд зугтчихлаа, тэд том байна" гэх мэт аар саархан үгсээр аргацааж сонгуулийн өмнөх "шоу" маягтайгаар хоёр өдрийн хугацаанд ямар ч асуудал тодорхой болж чадсангүй гэж хэлэхэд дэгсдэхгүй.