Д.Мөнхжаргал
Ажлын албаны сэтгүүлч
Нийгэм
2024.05.22 17:29
3460
Би үүнийг эмэгтэйчүүдэд чангаар хэлмээр байна

БИ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ҮҮНИЙГ ЧАНГААР ХЭЛМЭЭР БАЙНА

Яг энэ цаг мөчид ICAPP буюу Азийн улс төрийн намуудын бага хурал Монгол улсад болж байна. “Бид парламентын залуу төлөөлөлд “Тийм” гэж хэлнэ” гэх уриатай 20 гаруй орны 50 орчим оролцогчтой энэхүү чуулга уулзалтад би ‘Gender Sensitivity in The Mongolian Parliament’ сэдвээр англи хэл дээр илтгэл тавьлаа.

Төрийн намын төлөөллүүд оролцож дэлхийн залуусын алсын хараа, үзэл бодлыг сонсож, өөрийн улсаа ч таниулдаг эл томоохон арга хэмжээг зохион байгуулагчийн хувьд Азийн улс төрийн намууд хувьд манай залуу улстөрчид идэвхтэй байр суурь эзэлж байгаагийн нэгээхэн илрэл болж байна.

Миний хувьд ‘Gender Sensitivity in The Mongolian Parliament’ буюу “Монгол Улсын парламент дахь жендэрийн мэдрэмж” илтгэлийг тавьсандаа баяртай байгаа. Би  хууль, эрх зүй, хүний нөөц, төрийн удирдлагын чиглэлээр таван ч их сургуульд сурч одоо докторын зэрэг хамгаалах гэж байна. Дани улсад сурч ирмэгцээ “Моннис” группэд орж, арван гурван жил ажиллахдаа Хүний нөөцийн захирал, Салбар компанийн захирал хүртэл дэвшсэн. Энэ хугацаанд алхам тутамд ажиглагдсан зүйл бол шийдвэр гаргах түвшний арван хүний ес нь эрэгтэй байсан явдал. Гэтэл Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь эмэгтэй, эмэгтэйчүүдийн 71 хувь нь дээд боловсролтой, төрийн байгууллагын 61 хувь нь эмэгтэй байтал шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо 17.2 хувь байна.

Эмэгтэйчүүдийн нийгэм дэх оролцооны талаар эрэгтэйчүүд шийдвэр гаргасаар иржээ. Яагаад эмэгтэйчүүдийн оролцоо ийм бага байна вэ? Үүний нэн түрүүний шалтгаан бол, эмэгтэйчүүд үр хүүхдээ төрүүлж хэсэг завсарлаад эргэн ажилдаа ороход доод албан тушаалын эрчүүд нь хэдийн дэвшсэн байдаг. Удаах нь, эмэгтэйчүүд гэр бүлээ бүгдээс дээгүүр тавьдаг учир өөрийгөө хөгжүүлэх, боловсруулахад цаг гаргаж чаддаггүй. Миний сурч, амьдарч байсан Дани, Норвеги, Финланд зэрэг аз жаргалын индексээр өндөр энэ орнуудын зарим нь эмэгтэй ерөнхий сайдтай, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд олонтой. Тиймдээ ч эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын бодлого нь оновчтой, авлигын индексээр бага, түүнийгээ дагаад иргэдийн орлого болон амьдралын чансаа өндөр байдаг. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд байхын нөлөө ийм байхад түүнийг зүгээр хараад сууна гэдэг надад байж боломгүй санагдсан.

Монгол Улсын хүн амын 60 хувийг залуучууд, 50 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Тиймээс залуус, эмэгтэйчүүдийн асуудлыг ярилцахад бидний оролцоо чухал.

Хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүсийн бодолд бид л энэ улсыг авч яваа гэх ойлголт байдаг. Надад ч байсан. Гэхдээ нөгөө талд дээрх асуудал байсан учраас улс орныхоо хөгжилд дуу хоолойгоо хэрхэн хүргэх вэ гэсэн бодол зэрэгцдэг байлаа. Харин ардчилсан улсад асуудлыг парламентаараа буюу олонхоороо шийддэг ба үүнд намын системээр дамжуулан нөлөөлөх боломжтой байдаг. Энэ бүхний эцэст би гаднаас нь шүүмжлээд суух биш өөрийн оролцоог бий болгохын тулд намынхаа залуучуудын байгууллагад олон жил үүрэг оролцоотой явж ирснээс гадна төрийн албанд ажиллахын тулд өөрийгөө боловсруулж бэлдэв. Улмаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллах болсон юм.

Б.Батцэцэг

Эрэгтэйчүүд удирдах ур чадвартай, алсын хараатай, стратеги сайтай гэсэн хэвшмэл ойлголт нийгэмд байдаг. Гэтэл ижил ур чадвар эмэгтэйчүүд ч бий. Үүний тулд хууль эрх зүй орчин тэр дундаа хөдөлмөрийн хуулийн заалт бүрийг тодорхой болгож, эмэгтэйчүүдэд ээлтэй байхаар зохицуулж, олон эмэгтэй шийдвэрийн ширээний ард “суухыг” дэмжих ёстой.

Би нэг зүйлийг эмэгтэйчүүддээ чангаар хэлмээр байдаг. Энэ нь, “Эмэгтэйчүүд бид тууштай, дуусашгүй тэвчээр, шавхагдашгүй авьяастай, тиймдээ ч хүчтэй.Та бид дахин давтагдашгүй хүний нөөцүүд. Эмэгтэйчүүд оршин буй газар бүрдээ манлайллыг бий болгож чадвал эмэгтэйчүүдийн оролцоо аль ч салбарт эрэгтэйчүүдтэй ижил түвшинд хүрч чадна. Тийм ээ, таны оролцоо бидний орон зайг бий болгож чадна”