Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.05.27 15:24
4504
Г.Дугаржав хэний томилгоогоор Дарханы төмөрлөгийн үйлдвэрт очив

МАХН-аас урваж МАН-ын хаяа бараадсан Г.Дугаржав хэний томилгоогоор Дарханы төмөрлөгийн үйлдвэрт очив.

Төрийн өмчит нэртэй үйлдвэрүүдээр түрүүвчээ зузаатгах хуйвалдаан хөшигний ард болдог нь нууц биш...

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн алдарт концессын гэрээ хийх саналыг 2013 онд тус компани Засгийн газарт гаргаснаар 2014 онд үзэглэж байв. Гэрээний хүрээнд ч зургаан төслийг “Кью Эс Си” компани хэрэгжүүлэхээр байлаа. Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сард болсон хуралдаанаар концессын гэрээг цуцалж, санхүүгийн үйл ажиллагаанд нь хяналт хийхээр болов. Ингээд концессын гэрээг цуцалснаар Дарханы төмөрлөгийн үйлдвэр төрийн мэдэлд очсон юм.

Засгийн газраас концессын гэрээг цуцалснаас хойш тус үйлдвэрийн дарга гурван ч удаа солигдсон. Харин энэ томилгоо хэнд ашигтай байв?

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал Г.Дугаржав Олон улсын бирж болон Монголын биржээр худалдаалах ёстой төмрийн хүдрийг дур мэдэн шууд борлуулсан гэх баримт бий. Хууль бусаар Хятадын компанид төмрийн хүдрийг өгч, олсон ашгаараа нэр бүхий улс төрчийг санхүүжүүлж сонгуульд бэлтгэж байна гэсэн шум ч үнэний ортой гэлцэнэ.

Авлигын эсрэг хуулийн 10.3-т "Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй" хэмээн тусгасан.

Гэтэл Г.Дугаржав Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал болсноосоо хойш хөрөнгө орлогын мэдүүлгээ ирүүлээгүй байна. Төрийн өмчит компанийн захирал хөрөнгө орлогын мэдүүлгээ 2 жил ирүүлээгүй нь хууль зөрчсөн үйлдэл юм. 

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал Г.Дугаржавын 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэе. 

- Мэдүүлэг гаргагчийн нийт орлого- 188 сая

- Мэдүүлэг гаргагчийн гэр бүлийн гишүүдийн нийт орлого- 424 сая

- 3 тэрбум 700 сая төгрөгийн үнэ бүхий нийтийн орон сууц-3, зуслангийн байшин-1, оффис-1, авто граж-1, авто зогсоол-1, дуусаагүй гэх барилга-3

- 887 сая төгрөгийн үнэ бүхий авто машин, 199 сая төгрөгийн үнэ бүхий адуу-23, үхэр-31, 90 сая төгрөгийн үнэт эдлэлтэй байжээ.