Баяр наадмын үндэсний сурын харваанд 360 гаруй харваач нум сумаа эвшээлгэж, сум тавилаа. Эрхийн мэргэн харваачдын татсан сум мэргэн байж, чухам хэний хүү, охин түрүүлэхийг наадамчин олон дор бүрнээ тунгаав. Сурын холбоо байгууллагдаад 74 жилийн ойтой золгож буй өнөө жил Монгол сурын гарамгай мэргэн А.Цэвээн гуай Хөдөлмөрийн баатар цол хүртсэн нь нийт наадамчин олон болон харваачдын сэтгэлийг багасгасан үйл явдал болсон билээ. Сурын талбайд өнөөдөр төрийн гурван өндөрлөг хүрэлцэн ирж, сум тавьж, наадамчин олонтойгоо гар барьсан юм. Энэ жилийн үндэсний сурын харвааны байр түрүү хоёр дахин нэмэгдэж, дөрөв, тавдугаар байрыг албан ёсоор бүртгэхээр болжээ.
Үндэсний сур харвааны бай нь хана сур, хасаа сур болно. Эрэгтэй 75 м, эмэгтэй 65 м-ээс тус тус 40 сум тавиж, аваргуудаа тодруулдаг. Хана харваа нь 60 сурыг гурван үе өрөх бол хасаа харваа 40 сурыг хоёр үе өрж харвадаг. Үндэсний сур харвааны хана харваа эхэлж явах бөгөөд энэхүү харваанд 20 сумнаас наймаас дээш оноо авсан харваачид хасаа харваанд оролцох юм. Улмаар хана (20) болон хасаа харвааны (12) 32 сумаас хамгийн өндөр харвасан шилдэг найман харваач шигшээ харваанд үлдэх эрхийг авна.
Үндэсний сур харваа өчигдрөөс эхэлсэн. Үндэсний сурын хана харвааны дунд өрөг (16 сум буюу хоёр өрөг) өчигдөр болсон бол адаг харваа (4 сум буюу нэг өрөг) өнөөдөр болж, нийт 20 сумны урьдчилсан дүн гарна. Өчигдрийн харвасан харваачдаас эрэгтэйчүүдээс улсын мэргэн Б.Баярсайхан, эмэгтэйчүүдээс гоц мэргэн Х.Оюунчимэг нар 16 сумаас 16 онож, харваачдаа тэргүүлж байна. Эрэгтэйчүүдээс 15 оноотой 13 харваач байгаагаас далай дуурсагдах мэргэн Ш.Даваахүү, улсын мэргэн Х.Болдбаатар, улсын мэргэн Л.Отгонбаяр, спортын мастер Б.Батбаатар, Д.Ренчинханд нарын харваач багтжээ. Эмэгтэйчүүдээс 16 сумнаас 15 оносон гурван харваач байгаа бөгөөд харваачид жигдхэн байна. Өнөөдөр Сурын талбайд үндэсний сур хана харвааны адаг харваа (4 сум) болох бол хасаа харваа (8 сум) эхэлсэн юм.