Манай улсын хувьд 1992 оны үндсэн хуулиараа Улаанбаатар хэмээх ганцхан хоттой байна гэж зааж өгсөн байдаг. Гэвч энэ нь өнөөгийн утаатай, угаартай, түгжрэлтэй, хөрсний бохирдолтой Улаанбаатар хотыг бий болгожээ. Учир нь үндсэн хуулийн тус заалтаас өмнө аймаг бүр хот гэх статусыг үгүй хийсэн юм.
Харин өдгөө Улаанбаатарыг 14 хоттой болгож бие дааж хөгжүүлэх тухай асуудал яригдаж эхлээд байна.
Тодруулбал, Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг засгийн газрын хуралдаанаар дэмжсэн. Үүний дараа Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Зөвхөн аймгуудын төвийг хот гэж нэрлээд, улсын зэрэглэлтэй дөрвөн хотыг хот гэж нэрлээд, бүх суурин газрыг орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгон гэж нэрлээд дэд бүтцийн асуудал болоод хот, нийтийн АА-н асуудал шийдэгдэхгүй. Тиймээс хотын эдийн засгийн асуудлыг давхар хөндсөн. Тухайлбал, шинэ нисэх онгоцны буудлыг түшиглээд Шинэ Зуунмод хотын эрхзүйн байдлын тухай хуулийг өргөн барьж байгаа гэж ярьж байсан.
Мөн хуулийн төсөлд зааснаар Улаанбаатар хотыг Хан-Уул хот, Яармаг хот, Буянт-Ухаа хот, Сонгинохайрхан хот, Баянхошуу хот, Толгойт хот, Өнөр хот, Баянгол хот, Чингэлтэй хот, Сэлбэ хот, Сүхбаатар хот, Баянзүрх хот, Дарь-Эх хот, Амгалан хот гэсэн бие даасан 14 хотод хуваан хөгжүүлнэ. Ингэснээр нийслэлийн 204 хороог 42 нэгж болгон цөөлж, орон нутгийн статустай хот болгон төлөвлөж, зардал хэмнэж, төрийн албан хаагчдын тоог бууруулж, төсвөө шууд захиран зарцуулдаг, эцсийн шийдвэр гаргадаг эрх бүхий шинэчлэлт хийхээр төлөвлөөд байна.
Гэвч түшиглэн хөгжих дэд бүтэцгүй дүүргүүд яах вэ гэх асуулт гарч ирнэ.
Жишээлбэл, Гэр хороолол давамгайлсан дэд бүтэцгүй, татвар төлөгч албан байгууллаггүй газрууд тус хуулийн төсөлд бүр чирэгдэж, хөгжсөн ч биш хөгжөөгүй ч биш хоёрын хооронд хаягдаж үлдэх магадлал өндөртэй юм.
Ахин хамгийн ойрын жишээ татахад их дээд сургууль болоод томоохон зах худалдааны төвүүдийг хотоос гаргах асуудал яригдаад олон жил болж байгаа ч өнөө хэр амьдрал дээр хэрэгжиж эхлээгүй л байна.
Харин хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2025 оны 06 дугаар сарын 1-нээс, УИХ-ын тогтоолыг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэж тооцоод байгаа юм.
Цаасан дээр хараар бичигдсэн гавъяа байгуулаагүй олон олон төслүүдийн дараалал уртаас урт үргэлжилнэ. “2021 оны зургадугаар сард агаарын дүүжин тээврийн эхний маршрут буюу Баянхошуу, Ханын материал, 3, 4 дүгээр хороолол чиглэлд ашиглалтад орно” хэмээн тухайн үеийн хотын дарга С.Амарсайхан мэдээлж байсан.
Дараагийн нэг жишээ нь, 2015 оноос яригдсан тусгай замын автобус юм. Тодруулбал, Азийн хөгжлийн банк, Дэлхийн байгаль орчны сан, Монголын Засгийн газар хамтран санхүүжүүлэх уг төслийн нийт өртөг 274.4 сая ам.доллар бөгөөд 2021 онд үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байсан. Гэвч тухайн төслийг ярихаас өөрөөр хийсэн зүйлгүй байж байгаад 2020 онд зогссон байдаг.
Мөн 2011 онд метротой болох асуудал анх яригдаж эхэлсэн. Тухайн үед Нийтдээ 1.5 тэрбум ам.долларын өртөгтэй уг төслийн 60 хувийг япончууд хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгохоор болж, үлдсэнийг нь олон улсын донор байгууллагууд болон хувийн хэвшил, дуудлага худалдаанаас олно гээд тооцсон. Гэвч энэ төсөл 2013 ондоо “царцаж”, бүрмөсөн сураг алдраад байсан.
Харин ахин метро барих асуудлын талаар сонгууль дөхсөн үед яригдаж эхэлсэн. Одоогийн байдлаар энэ ондоо метро барих ажлыг эхлүүлж, 2028 он гэхэд иргэд метрогоор зорчих амлалтыг өгөөд байгаа.
Энэ мэт хэрэгжээгүй олон төсөл хөтөлбөрүүд шиг Улаанбаатарыг 14 хот болгон бие даалган хөгжүүлнэ гэдэг эргэлзээтэй.
Дүүргүүдийг хот гэж нэрлэснээр үнэхээр “Хот” болох боломжтой юу?.