Үндэсний аудитын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Загджавыг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулах саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргасныг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. УИХ-ын чуулганы хуралдаанаар "Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томилохыг дэмжье" гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Саналыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад томилохоор жил хүрэхгүй хугацаанд ажиллах юм байна. Ирэх жилийн хавар хугацаа нь дуусах юм байна. Сонгуулийн цикл таарч байна. Төрийн алба тогтвортой мэргэшсэн байх ёстой. Сүүлийн үед боловсон хүчгүй цус ойртсон байна гэх шүүмж байна. Чадварлаг боловсон хүчин хэрэгтэй байгаа" гэлээ. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Боловсон хүчин дээр анхаарах хэрэгтэй. Аудитын газар сайн ажилладаг. Дүгнэлт гаргадаг ч хариуцлага тооцох ажиллагаа сул байна. Иймээс Д.Загджав дарга улс төр болон төрийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай учраас энэ тал дээр анхаарч ажиллаарай" гэв.
Д.Загджавын танилцуулга:
Төрсөн газар, он: Ховд аймаг, 1964 он
Мэргэжил: Эрх зүйч, эдийн засагч, инженер
Төгссөн сургууль:
- 1971-1981 онд Ховд аймгийн10 жилийн 1-р дунд сургууль,
- 1981-1985 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль;
- 1997-1999 онд Төрийн Захиргааны Удирдлагын Хөгжлийн Институт,
- 1999-2000 онд Төрийн Удирдлагын академи;
- 2001-2003 онд Оросын Холбооны Улсын Новосибирск хотын эдийн засгийн удирдлагын Улсын академи;
- 2015-2018 онд Оросын холбооны улсын Иркутск хотын Зам харилцааны Улсын их сургууль.
Эрдмийн зэрэг, цол:
- Улс төрийн ухааны доктор
- ОХУ-ын Батлан хамгаалах, аюулгүй байдал, эрх зүйн академийн профессор
- Цэргийн цол: Бригадын генерал
Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:
- 1981-1985 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургуульд сонсогч;
- 1985-1987 онд Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст байцаагч;
- 1987-1989 онд Ховд аймгийн Ардын Депатутын Хурлын Гүйцэтгэх Захиргааны дэргэдэх Хууль зүйн арбитрын хэлтэст ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга;
- 1990-1993 онд Ховд аймгийн шүүхийн гишүүн;
- 1993-2000 онд Алтай интернэйшнл ХХК-д ерөнхий захирал;
- 1998-2006 онд Монголын ардчилсан социалист оюутны холбооны Ерөнхийлөгч;
- 2000-2008 онд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга;
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нутгийн удирдлагын дэд хорооны дарга;
- 2013-2023 онд Монголын Энхтайван Найрамдлын байгууллагын Ерөнхийлөгч;
- 2017-2020 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайд;
- 2020-2023 онд хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга
- 2023 оноос Монгол Улсын Ерөнхий аудиторын Орлогчоор ажиллаж байна.