Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам сурын талбайд халх сурын харваа болж өндөрлөлөө. Энэ жилийн хувьд бороо хуртай байгаа ч сурчидийн харваа байгаа мэргэн онож, алтайн зурхайд нодлин жилийнхээ амжилтыг бататгаж, Гарамгай мэргэн, Гоц мэргэний цол хүртсэн сайхан наадам болж өнгөрлөө. Эвэр нум гадаад орчноо дагаж хувирдаг. Өөрөөр хэлбэл, халуунд зөөлөрч, хүйтэнд хатуурдаг учраас тамирчдаас өндөр техник шаарддаг. Наадмын сүүлийн өдөр сэрүүвтэр, бороотой байсан ч мэргэдийн оноо тун өндөр байсан нь бэлтгэл сургуулилтаа сайтар хийсэнтэй холбоотой биз ээ. Мөн энэ жилийн наадмаас тэмцээний зохион байгуулалт багагүй өөрчлөгдөж, сүүлчийн дөрвөн сум тавихын өмнө шигшээд шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр найман харваачдыг цоллон аваргуудыг тодруулах уламжлал тогтсон нь үзэгчдэд тун таалагджээ.
Харин шигшээ харваа эхлэхэд мэргэчүүлийг оноогоор жагсаахад Хошой мэргэн Л.Отгонбаяр 34 оноотой, Спортын мастер Б.Батбаатар 34 оноотой, 3.Спортын мастер С.Өлзийсайхан 33, Г.Баярсайхан 32, Улсын мэргэн, спортын мастер Г.Ёндон 32,Спортын мастер А.Төртогтох 32, Хошой мэргэн Б.Нямсүрэн 31, Хүндэт мэргэн В.Сумъябасүх шалгаран үлдсэн юм. Дээрх найман харваач сүүлийн дөрвөн сумаа тависнаас спортын мастер Г.Баярсайхан, А.Төртогтох нар дөрөвдүгээр байрны төлөө товх харваж, Г.Баярсайхан байраа хадгалж үлдсэн юм.
Шигшээ наймд шалгарсан найман харваач
Зүүн гар талаас эхнийх нь гоц мэргэний болзол хангасан Л.Отгонбаяр, баруун гар талаас эхнийх нь спортын мастер Б.Батбаатар
Тэргүүн байрын төлөө түрүү жил хошой мэргэн Л.Отгонбаяр, спортын мастер Б.Батбаатар нар оноо тэнцэж, товх харваж байсан бол энэ жил мөн адил оноо тэнцсэн юм. Спортын мастер Б.Батбаатар даагаа нэхэж, улсын мэргэн болох уу, аль эсвэл хошой мэргэн цолоо ахиулж, гоц мэргэн төрөх эсэхийг үзэгчдийн сонирхолыг ихэд татаж байлаа. Ингээд товх харваж, Ховд аймгийн Булган сумын уугуул, Орхон аймгийн “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт клубын тамирчин, “Алтан Дорнод майнинг сервис” компанийн харваач Л.Отгонбаяр гурав дахин улсын наадамд түрүүлж, гоц мэргэний болзол хангасан юм. Тэрбээр “Хоёр жил дараалан түрүүлсэн дээ маш их баяртай байна. Эртнээс гал болон бэлтгэл сургуулилт хийсэн. Өөрийнхөө урласан сумаар харвасан. Энэ жил Батмөнх мэргэний нумаар харвасан” хэмээв.
Ингээд товх харваж, Ховд аймгийн Булган сумын уугуул, Орхон аймгийн “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт клубын тамирчин, “Алтан Дорнод майнинг сервис” компанийн харваач Л.Отгонбаяр гурав дахин улсын наадамд түрүүлж, гоц мэргэний болзол хангасан юм.
Тэгвэл нийт 80 гаруй эмэгтэй харваачдаас шилдэг наймд гоц мэргэн Х.Оюунчимэг 33, улсын мэргэн Д.Норжмаа 33, спортын мастер О.Чинзүрх 32, И.Цэцэгмаа 31, спортын мастер, аймгийн мэргэн Ч.Гандаваа 31, спортын мастер Б.Пунцагдулам 31, спортын мастер И.Мөнхнасан 31, буриад сурын гоц мэргэн Монгол Улсын мэргэн С.Энхтунгалаг 30 оноотойгоор тэргүүлэн сүүийн дөрвөн сумаа тавьсан юм. сүүлийн тав, дөрөв, гуравдугаар байрны төлөө багш, шавь болон залуухан харваач оноо тэнцэн товх харвасан билээ.
Шигшээ наймд шалгарсан харваачид
Зүүн гар талаас гарамгай мэргэний болзол хангасан Х.Оюунчимэг, удаах нь улсын мэргэн Д.Норжмаа
Үүнээс спортын мастер И.Цэцэгмаа туршлага заан гуравдугаар байранд шалгарсан бол дөрөвдүгээр байранд спортын мастер Б.Пунцагдулам, О.Чинзүрх тавдугаар байранд шалгарсан юм. Ингээд тэргүүн байрны төлөө өнгөрсөн жилийн тэргүүн байранд шалгарсан Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Төв аймгийн харъяат Чингис хааны дэлхий академийн харваач Х.Оюунчимэг 36 оноотойгоор гарамгай мэргэний болзолыг хангасан юм. Тэрбээр “Энэ сайхан улсыг өвлүүлж үлдээсэн Эзэн Чингис хаандаа баярлалаа. Дөрөв дахин дараалан түрүүлж байгаадаа маш их баяртай байна. Монгол Улсын мэргэн Б.Батжаргал багшдаа баярлалаа. Өрсөлдөгч нар маань өндөр оноотой гарч, намайг хурцалж өгөн сайн харвахад нөлөөлсөн нийт харваачиддаа баярлалаа. Түүнчлэн хүү маань гуравдугаар байранд орсонд маш их баярлаж байна” гэсэн юм.