Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.06.27 16:02
5919
"Хайлааст"-д гарсан ноцтой ослын шалгалтын ажиллагаа дуусаж, прокурорт шилжүүлжээ

Энэ оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Чингэлтай дүүргийн 13-р хороо, Хайлааст орчимд зам тээврийн ноцтой осол гарсан. Ослын улмаас нэг айлын дөрвөн хүн гэмтэж, 1 иргэн газар дээрээ амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. 

Гэвч тус хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа. Тус асуудлын талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад хэргийг мөрдөн шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн талаар мэдээллээ. 

Тодруулбал, осол гаргасан жолооч эмэгтэйг Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл /Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/-ийн 3-д "Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.