Б.Нарангоо
Ерөнхий редактор
Сонгууль
2024.06.28 12:28
955
У.Хүрэлсүх: Төр улсаа төвхнүүлэхэд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын ес дэх удаагийн сонгуульд саналаа өглөө. Тэрээр "1992 оноос хойш явагдсан УИХ-ын сонгууль энэ жил 9 дэх удаа болж байна.  Энэ жил анхдугаар Үндсэн хууль батлагдсаны түүхт 100 жилтэй ээлжит сонгууль давхцаж байгаагаараа онцлог. Одоогоос 100 жилийн өмнө манай улс Бүгд найрамдах засаглалыг тогтоож, эрэгтэй эмэгтэй хүмүүс тэгш эрхтэй болж сонгох сонгогдох эрхтэй болж байсан түүхтэй. Энэ удаагийн УИХ-ын сонгууль ихээхэн онцлог. Өмнө нь бид 76 гишүүн сонгодог байсан бол энэ жил 126 гишүүн сонгоно. УИХ-ын гишүүдийн тоо 126 болж нэмэгдсэн, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу бүсээрээ нэр дэвшиж байгаа ач холбогдолтой сонгууль болж байна. Мөн анх удаа хамгийн олон нам эвсэл бие даагч оролцож буй. Нийт 1341 хүн нэр дэвшиж байна. Түүний хамгийн залуу 25 настай хамгийн ахмад нь 75 настай байна. Нийт нэр дэвшигчдийн 40 орчим хувь эмэгтэй байна. УИХ-аа эмхлэх,  төр улсаа түвшитгэхэд ард түмэн бүгдээрээ оролцох ёстой. Энэ бол иргэн танд Үндсэн хуулиар олгож буй сонгох эрхээ эдэлж буй хэрэг. Төр улсаа төвхнүүлэхэд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй, иргэд эрхээ эдэлж үүргээ биелүүлэх ёстой. Төрийн эрх мэдэл ард түмний гарт бий гэж Үндсэн хуульд заасан. Тиймээс төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын сонгуульдаа  идэвхтэй оролцохыг нийт ард түмэндээ уриалж байна. Төр түвшин,  шашин тунгалаг, дэлхий амгалан байх болтугай.