m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.12 13:18
208
Шагайн харваанд Ц.Идэрзориг ахлагчтай баг түрүүллээ

Үндэсний их баяр наадам Тулгар төрийн 2223, Их монгол улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн шагайн харваад 490 харваачийн 50 баг оролцсоноос өнөөдөр шилдэгүүд тодорлоо. Тодруулбал, тэргүүн байранд Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ц.Идэрзориг ахлагчтай Өмнөговь аймгийн баг, хоёрт үлэмж дархан мэргэн, спортын мастер С.Ямааранз ахлагчтай АПУ групп, гуравт улсын мэргэн Т.Базарханд ахлагчтай "Тайган-Алтай" групп тус тус шалгарав. 

    

Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ц.Идэрзориг ахлагчтай баг энэ жил нэг ч хожигдолгүй тэргүүн байранд хоёрдахь удаагаа шалгарсан билээ. Тэрбээр "Энэ жил уламжлалт харваагаар харваж байгаа нь баг тамирчдын хувьд улам их чадвар шаардах болсон. Урьд нь багийн гишүүдийн нэгээс хоёр хүн алдаж оноход оноонд нөлөөлдөггүй байсан бол энэ удаад багийн нэг гишүүн алдахад багийн амжилтад шууд нөлөөлж байгаа учраас маш их хариуцлагатай болж ирсэн. Манай багийн хувьд түрүү жилийн улсын баяр наадмаар түрүүлсэн. Энэ жил шигшээ зургаан багаас тав тоглож, тухай бүрт нь хожлоо"  гэсэн юм. 

 

Харин дөрөвт үлэмж дархан мэргэн, спортын мастер Ц.Гантулга ахлагчтай Сэлэнгэ аймгийн баг, тавд үлэмж дархан мэргэн Ц.Болдбаатар ахлагчтай "Сэлэнгэ-Орхонтуул" баг, зургаад үлэмж дархан мэргэн Ж.Мөнхжаргал ахлагчтай "Хөх чоно" группийн багууд тус тус шалгарлаа. 

  

 Гуравдугаар байранд шалгарсан "Тайгам Алтай" гурппын харваач улсын мэргэн Т.Базарханд "Манай баг улсын баяр наадамд наймдахь жилдээ оролцож байна. Энэ жилийн баяр наадам сайхан болж өндөрлөө. Шагайн харвааг өрч тоглож байгаагаараа онцлог байлаа.  Нэлээд хүчтэй өрсөлдөгч нартай цэц мэргэнээ сорьлоо. Миний хувьд энэ жил гарамгай мэргэний болзол хангаж байна. Манай багийн бусад гишүүд залуу харваачид байгаа" гэсэн юм.