Сонгогдсон нэр дэвшигчдэд нэрийн дарааллаар нь Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгов. Үнэмлэхийг Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд гардууллаа. Маргааш УИХ-ын шинэ гишүүд чуулганы танхимд тангараг өргөн, гарын үсэг зурах ёслол болно.
Хүн намаас тойргоос сонгогдож УИХ-ын гишүүн болсон П.Наранбаярын сэтгэгдлийг хуваалцлаа.
-Үнэмлэхээ гардаж авсан таньд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцаач?
Баярлалаа сэтгэл догдолж байна. УИХ-ын дэгийн хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж харж байгаа. Ер нь гадны парламентуудыг харах юм бол 5,6 хувийн суудал авсан намуудад бүлэг байгуулах эрхийг нь өгдөг. Манайх бол хэтэрхий өндөр буюу 10 хувь байна. Энэ асуудлыг өөрчлөх ёстой. Хуулийг хүн л өөрчилдөг биз дээ. Мөнх тэнгэрийн дор хууль байна гэж ярьдаг. Тэр хуулийг хийдэг нь хүн өөрөө юм. Мөнх хөх тэнгэрийн дор бүгдээрээ хамтдаа байна. Бид өөрчилж чадна. Цөөнхийн дуу хоолойг хүндэтгэдэг, сонсдог, хяналтыг нь хүлээж авдаг байхын тулд УИХ-ын дэгийн хуулийг өөрчлөх шаардлагатай. Орж ирсэн намуудад бүлгээ байгуулах боломжийг нь олгох ёстой гэж бодож байна.
-76 байсан гишүүдийн тоо 126 болж өөрчлөгдөнө. Ийм болохоор иргэд маш их хүлээлттэй байгаа. Өмнөх гишүүд шиг хулгай луйвар битгий хийгээсэй гэж хүсэж байгаа байх. Таны хувьд ажлаа юунаас эхлэх вэ?
Ер нь бол энэ авлига, хулгайгүй байхын төлөө тэмцэнэ гэж амлалт өгсөн. Эндээс ажил эхлэх ёстой. Бүлэг байгуулвал бидний дуу хоолой илүү хүчтэй болно. Дээр нь хүүхдийн асуудлыг анхаарна. Хүүхдийн хөгжил, хамгаалал, боловсролын асуудал чухал байна. Боловсрол ойлгодог, уг салбарт хамт ажиллаж байсан нөхөд бас гараад ирсэн байна. Энэ асуудалд би улс төрийн намын харъяалал харгалзахгүй хамтарч ажиллана. Хүүхдийн төлөө, боловсролын төлөө гэдэг нь ирээдүйн төлөө учраас эдгээр асуудлуудад нэгдэж ажиллана.