Шинээр сонгогдсон УИХ-ын 126 гишүүн үнэмлэхээ авлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж АН-аас жагсаалтаар сонгогдсон Ж.Баясгалангийн санал сэтгэгдлийг хуваалцлаа.
-Юуны түрүүнд баяр хүргэе. Гэхдээ үнэмлэхээ тайзан дээрээс авч чадсангүй. Энэ талаар юу гэж бодож байна?
Миний гол ярьдаг сэдэв бол хүртээмжийн асуудал юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй нийгэм бий болгохын төлөө ажиллана гэж би хэлээд байгаа. Тэгэхээр үнэхээр хүртээмийн асуудлыг сая бид бүгдээрээ харлаа шүү дээ. 126 хүн тайз руу гарч үнэмлэхээ авч байхад хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь тайз руу гарах боломжгүй учраас суудал дээрээсээ үнэмлэхээ авлаа. Хууль тогтоох дээд байгууллага хүртэл хүртээмжийн асуудлаа шийдэхгүй байгаа нь харагдлаа. Тэгэхээр хийх ажил минь эндээс эхлээд л харагдаж байна.
-Ямар хууль тогтоомж санаачилж, ажлаа яг юунаас эхлэх вэ? Хүртээмжээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгэмд тодорхой байр суурь эзэлж чадахгүй, сурч боловсорч чадахгүй гэх мэт маш олон асуудлууд байдаг. Үүнийг яаж шийдэх вэ?
Нэгдүгээрт. Хамгийн гол хууль бол хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах хууль юм. Энэ хуулинд нэмэлт өөрчлөлтүүд, чухал заалтуудыг нэмж оруулах хэрэгтэй байгаа юм. Хоёрдугаарт, Үндсэн хуулинд ч бас нэг заалт нэмж оруулах шаардлага байгаа. Тодруулбал, ялгаварлан гадуурхах гэдэг хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хамаатай үг үсэг байдаггүй. Гуравдугаарт салбар хуулиудад хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй байх заалтууд оруулах ёстой. Ер нь бол бүх хуулинд хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хөндөгдөж байвал зөв юм.