Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эдийн засаг
2024.07.05 11:50
3497
Холбооноос ХОЛБОО болсон түүх

Монголын банкны холбоо (МБХ) 20 гаруй жилийн түүхтэй ч өнөөгийн хүн бүхний мэдэх дүр төрхөө 10 жилийн өмнө л олсон билээ. Энэ шинэчлэл өөрчлөлтийг хийсэн багийг удирдаж, МБХ-ны хөгжлийг зураглан өөрчлөх ажлын галч ба гэрч нь болсондоо сэтгэл маш хангалуун, салбарынхны өмнө нүүр бардам явдаг юм. Байгууллагыг хэрхэн өөрчлөн байгуулах вэ гэдэг төслийг эхнээс нь дуустал ямар нэг саадгүй 100% өөрийнхөөрөө зурж, гардан хэрэгжүүлэх ховорхон завшаан олдсонд их баярладаг. Амьдралд ийм боломж, тохироо бүрэлдэх нь бас тийм ч элбэг биш ээ.

Анх 2012 оны 9 сард МБХ-ны Ерөнхийлөгч байсан М.Болдоо захирал МБХ-ны Удирдах зөвлөл (УЗ)-ийн хуралд намайг танилцуулж, Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхий нарийн бичгийн даргын албыг миний бие хүлээн авч байлаа. УЗ гэж сүртэй нэрлэж байгаа боловч банкуудын голдуу газар хэлтсийн захирлууд гүйцэтгэх захирлаа орлоод ирчихсэн, холбоог нь хариуцан ажиллах гэж буй захирлаа тэгэсхийгээд л хайнгадуухан томилсонхурал болж байсныг санаж байна. Хожим бид ийм даржинхан хурлыг өөрчилж, УЗ-ийн хуралд зөвхөн гүйцэтгэх захирлууд биечлэн оролцдог, өрөө нь хивстэй, ширээ нь бүтээлэгтэй, ойр зуурын үйлчилгээ, цай ундтай жинхэнэ УЗ-ийн хурал болгосон. Тэрийгээ дагаад хурлын дэг, бэлтгэл, гишүүдийн оролцоо, хүндэтгэл, хариуцлага ч гэж тас болж танигдахын аргагүй болсон доо.

Монголын банкны холбоо Монгол Улсын хамгийн хүчирхэг гол салбарын нэг болох банкны салбарыг төлөөлж байгаагийн хувьд хамгийн хүчтэй, шилдэг, үлгэр жишээ инстүүц нь байх ёстой байдаг. Гэтэл бодит байдал дээр өөрийн байртайг (тэр үед үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ олж аваагүй, маргаантай асуудалтай байв) эс тооцвол Монголд олон зуугаараа байж л байдаг хагас унтаа бусад холбоодоос ялгаа байгаагүй. Иймээс бидМБХ-г асуудал гарахаар хааяа нэг хуралдаж өргөх бичиг дээш явуулдаг тамга тэмдэг тойрсон түр баг биш салбарыг төлөөлсөн, зөвхөн захирлуудын биш мэргэжилтнүүдийн холбоо/инстүүц болгох ажилд орсон юм. Юуны өмнө МБХ гэж ямар байгууллага болох тухай үзэл санаа концептыг цоо шинээр гаргаж, салбарын мэргэжлийн холбоо юу юутай байх ёстой, хүчтэй байгууллагад ямар чанар хэрэгтэй бүгдийг багтаасан зураглал хийсэн. Энэ төлөвлөгөө 300% давж биелсэн юм.

Энэ бүгд шинэчлэл бүтээлийг хийхэд МБХ-ны багт Ч.Намжилмаа, Л.Отгон-Аюуш, Б.Баярмагнай, Э.Номиндарь, Л.Энх-Амгалан нар, мөн жолооч И.Галбадрах ах, туслах ажилтан С.Пүрэвсүрэн нар байлаа. Энэ дөрөв тавхан хүн л дөч тавин хүн хийхээр тэр их ажлыг амжуулдаг байв. МБХ-ны Ерөнхийлөгч нь тэр үед М.Болдоо захирал байсан бөгөөд бусдад ажил хийх боломж олгодог арга барилтай хүн байсан нь тун их аз завшаан болсон юм. Хэрвээ түүний оронд ингэ тэг, ингэмээр байна тэгмээр байна гээд ажилд хутгалдаад, дүрэмдээд зэрэгцэж уралдаад байдаг хүн байсан бол би тун удахгүй санал зөрөөд, МБХ-г орхиод явах байсан байх. Тэр үед давхар давхар ч хамаагүй хийгээд хийгээд явчихмаар ажил төслийн сайхан санал хувилбарууд олон байдаг байлаа.  

Манай багийнхан үнэхээр сайн ажилласан. Миний хувьд ажлын үзэл санаа, үндсэн зорилго, зураглал зохиолоо гаргаж, яг яах гээд байгаагаа сайтар ойлгуулахад л голлонанхаардаг бөгөөд юу хийх, яах гээд байгаагаа ойлгосон хүн ямар ч ажлыг өөрийнхөөрөө сайн хийчихдэг гэж итгэдэг. Энэ бол миний ажлын үндсэн арга барил гэж болно. Манай баг ч яах гээд байгаагаа сайн ойлгож ёстой ярсхийтэл ажилласан юм. Отгоо (Л.Отгон-Аюуш) одоо МБХ-нд ахлах менежер, ерөнхий санхүүчийн ажлыг хариуцсаар байгаа, тухайн үедээ банкны холбооны хамаг түүхийг нь мэддэг, хамгийн удаан ажилласан ганц хүн нь байв. Юм сайн сурдаг, үндсэн зорилго зарчмаа ойлгосон бол ажлын чиг нурууг сайн барьдаг чанартай. Намжаа (Ч.Намжилмаа) өөрийн гэсэн ажлын арга барилтай, ийм болохоороо ч хааяа өөрийнхөөрөө зүтгэдэг, асуудал ба гаргалгааг харж чаддаг маш сайн боловсон хүчин. Магнай (Б.Баярмагнай) маш эвлэг, хэнтэй ч баг болж ажиллах чадвартай, багт их түшиг холбоос болдог байсан. Номинг (Э.Номиндарь) сургуулиа төгсөөгүй байхад нь Азийн банкны холбооны чуулган зохион байгуулалт болон гадаад харилцаа чиглэлээр ажиллуулахаар ажилд авч байлаа. Ажилдаа өөрийгөө зориулж төвлөрөх, юм сурахдаа онцгой, ажлын гүйцэтгэл маш сайн, давуулан гүйцэтгэдэг сайн чанартай.

Бид ажлаа том зурсан ч жижигхэн зүйлсээс эхэлж байлаа. Холбоо гэдгээ, яах гээд байгаагаа ойлгох, албан имэйлээ ашиглаж эхлэх, ажилдаа цагтаа ирдэг болох, гишүүд рүүгээ мэдээлэл имэйл тогтмол явуулах гээд жижгээс эхлээд том ажил тоочоод байвал барагдахгүй бөгөөд уйтгартай юм болно. Зүгээр гол онцлох зүйлсээс дурдвал, мэргэжлийн зөвлөлүүдийг байгуулж ажиллуулснаар МБХ хэдэн захирлуудын уулздаг биш мэргэжилтнүүдийн учирдаг нөхөрлөдөг жинхэнэ мэргэжлийн холбоо болж өргөжсөн. Ингэснээр МБХ хэдхэн хүнтэй мэт харагдах ч ардаа хэдэн зуун шилдэг мэргэжилтэнтэй хүчирхэг болсон юм. Банкныхан төрийн ганц нэг шагнал горьдонбиесээ тодорхойлж гүйцгээдэг байсан бол одоо салбарын холбоо (МБХ) нь жилд ганц олгодог хүндэтгэлийн “Хаш эрдэнийн одон”-гоос эхлээд “Шилдэг банкир”, талархал хүртэл эрэмбэ дэстэй салбарын шагналын иж бүрэн системтэй болсон. Одоо ч хэвээр байгаа банкны гүйцэтгэх захирлууд бүгд бөөндөө биечлэн тайзан дээр гарч ирж шагнал гардуулдаг, бас одон гардуулахдаа ашиглаж буй тэр улаан хамбан бүтээлэгтэй тавиур бүхий хүндэтгэл ёслолын дэглэлтийг хүртэл жижиг гэлгүй нарийн бодож төлөвлөж хийцгээж байв.

МБХ сагсан бөмбөгийн холбоотой андуурагддаг болхидуухан логогоо шинэчилж нүүр бардам билэг тэмдэгтэй болцгоосон. Гишүүд нь банкууд болон ганц нэг орхигдож идэвхигүй болсон ББСБ байсан бол үндсэн, дэмжих, холбогдох гэсэн 3 ангилалтай өргөн хүрээний 20 гаруй сэтгэл хангалуун гишүүдтэй болж МБХ урьд өмнө байгаагүйгээр хүчирхэгжсэн. Анх удаа гадаадын банкны салбар, төлөөлөгчийн газрууд МБХ-ны гишүүн болж, салбарын үйл ажиллагаанд оролцох болсон. Мөн Хаан банкны гүйцэтгэх захирал Н.Като МБХ-ны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон нь гадаад хүн анх удаа МБХ-ны удирдлагад орж буй тохиолдол байв. Энэ бол нэг хүн сонгогдсон тухай асуудал биш банкны салбарын хараа, хандлага, соёл, бизнес загвар өөрчлөгдсөний шинж тэмдэг юм.

Салбарын холбоонд зайлшгүй байх ёстой судалгааны чиг үүргийг эхлүүлж, нийтэд болон гишүүддээ тогтмол түгээдэг чадавхитай болсон. Энэ судалгааны ажлыг эхлүүлсэн нь МБХ-нд нэг жил ажиллаад Сангийн яаманд ажиллахаар явсан Л.Энх-Амгалан, үргэлжлүүлсэн нь Б.Батхишиг байв. ТоС буюу Тогтвортой санхүүгийн хөтөлбөрийг бид ёстой тэгээс нь 2013 онд эхлүүлж, 2030 он хүртэлх хөгжлийг нь тодорхой зурж зураглаж түүнийхээ дагуу амжилттай босгож ирсэн. Хэл хугалам урт үг төслийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж болзошгүй тул товчлон ТоС гэдэг нэрийг нь ч өгч байлаа. Анхсонссон бүгд л “Пүү паа, юун өөх тос мос вэ..?” гэцгээсэн ч ашгүй Магнай (Баярмагнай) ТоС гэдгийн “о” үсгийг нь жижгээр болгож бичин “таалагдуулж”, хүлээн зөвшөөрүүлж билээ. ТоС гэдэг одоо дотоодод ч, олон улсад ч брэнд болсон. Ямартаа ч ТоС бол Монголын санхүү, бизнесийн салбарт цоо шинэ хандлага, урсгалыг эргэлт буцалтгүй оруулж ирсэн төсөл, өөрийн гэсэн алс явах үзэл санаа, баян түүх, өөрийн ТоС баатруудтай тул энд нуршилгүй дөнгөн дурдаад л өнгөрье дөө.

Бүхэл бүтэн салбарын мэргэжлийн холбоо байна даа, нэг хэвлэл сэтгүүлтэй байх ёстой. МБХ өөрийн гэсэн “Banking in Mongolia” сэтгүүл гаргах болсон. Мөн л манайхны санаачилга, амжилттай төслүүдийн нэг. МБХ зохион байгуулна гэж амалчихаад чадалгүй хойш суугаад олон жил болсон Азийн банкны холбооны чуулганыг ямар нэг эргэлзээгүй шууд амалж аваад Улаанбаатар хотноо 2013 онд маш амжилттай зохион байгуулж байв. Банкны салбарын болон Монгол Улсын нэрийг өргөсөн, олон талын ач холбогдолтой арга хэмжээ болсон юм. Ер нь холбоо, олон нийтийн байгууллагын үндсэн түлхүүр ажил, түлхэц нь эвент арга хэмжээ, аль болох том арга хэмжээ хийж, үр дүнг нь үзүүлж, өөрсдөө хүртэж чадахаас л тухайн инстүүц байгууллагын чадавхи хамаарна гэж үзэж болно.

Банкны салбарын тэмдэглэлт өдрийг (Банкны салбарын ажилтны өдөр) жил бүрийн 6 сарын 2-нд болгох шийдвэр гаргуулж, хуулинд тусгах саналыг МБХ-ноос санаачлан, ажил хэрэг болгож байв. Үүнээс хойш албан ёсоор тов тодорхой салбарын тэмдэглэлт өдөртэй болцгоосон юм.Түүнчлэн одоо тогтмол тэмдэглэн хэвшил болоод байгаа “Дэлхийн хуримтлалын өдөр”, “Global Money Week” гэх мэт арга хэмжээнүүдийг мөн л манай багийнхан санаачлан Монголд нэвтрүүлсэн. Энэ олон улсын өдрийг анх санаачлан зохион байгуулаад л Монгол Улс шууд шагналт байранд нь шалгарсан санагдана. Юутай ч энэ мэт ямар ч ажлыг МБХ-ны баг яралзтал, тултал нь гүйцэтгэдэг байсан. Холбооны дотоод ба гадаад харилцааны хувьд ярих юм байхгүй, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, төслүүд, элчин сайдын яамд, төрийн бус байгууллагууд, манлайлагчид бүгд л МБХ-той төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхийг, түншлэхийг хичээдэг болж банкны салбарын холбооны нөлөө, хүч илт нэмэгдсэн дээ.

Тухайлсан тэмдэглэлт өдөртэй болсныг ч хэлэх үү Банкны салбарын 90 жилийн ой (2014 он) нижгэр болсон, өргөн тэмдэглэсэн. Ойг тохиолдуулан МБХ хариуцан банкууд болон Монголбанктай хамтран UB Palace-ийг нэг өдөр доргиож, хамаг одод чихэлдсэн, үзэгчдээ “ядраамаар” уртаас урт шоу зохион байгуулж байсан. Шоу сайхан байсан ч банкны салбарын нийт 15 мянган ажилтнаас хамаг том захирлууд, гол мэргэжилтнүүд нь болох 3500 хүнийг нэг дор бөөгнүүлээд суулгачихсан, эрсдэл талаасаа тооцоогүй алхам хийсэн санагдаад санаа зовж хүйтэн хөлс гарч байсныг санаж байна. Ашгүй шоу амар тайван амжилттай дуусч, баяр баясал дурсамж нь бүгдийн сэтгэлд үлдсэн. Монголбанк гэснээс, арилжааны банкныхан, МБХ ба Монголбанкны хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, хандлага өнөөгийнх шиг ийм өргөнбөгөөд дотно “зузаан” байгаагүйг салбарынхан, дээхнэ үеийн банкирууд сайн мэднэ дээ. Монголбанк өөр болоогүй, харин МБХ ба банкныхан эрс өөрчлөгдсөн юм.Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэгбодлогын, зохицуулалтын байгууллагуудтай банкны салбар холбоогоороо дамжуулан маш бат нягт ажил хэргийн харилцаа, итгэлцэлтэй болж чадсан. Энэ итгэлцэл, хамтын ажиллагаа бол салбарын хөгжлийн суурь.

Одоо МБХ, банкныхны итгэлцэл, мэргэжлийн нөхөрлөлурьд өмнө үргэлж ийм байсан мэт л бужигналдан нүжигнэж байгаа байх. Үнэндээ манай банкныхан, ганц нэг хувийн найз нөхдийн харилцаатай л биш бол захирлууд нь ч хоорондоо олигтой харилцаж танилцаагүй,биесээ өрсөлдөгч гэж харж харддаг дадалтай, нийтээрээ нетворк хийх гэсэн зүйл бараг байгаагүй. 2013 оны эхээр Хүндэтгэлийн хүлээн авалтыг анх зохион байгуулж бөөн зардал хоол унд, дайллага хийж байхад л ирц тааруухан,том багагүй гэрэвшээд байсныг тод санаж байна. Манай банкныханд тийм нүүр хагарсан салбарын өргөн дэлгэр нетворк байгаагүй юм шүү. Олон нийтийн, олны ажил нетворкоос л эхэлдэг. Том бага захирлуудыг, мэргэжилтнүүдийг биечлэн урьж залж, чиглүүлж, ирүүлж, уулзуулж, танилцуулж, тулгуулж, холбосоор, залгасаарөнөөгийн бүгд урилгатай урилгагүй уралдан очдог банкны салбараас ч хальсан Хүндэтгэлийн арга хэмжээ (МБХ-ны шинэ жил ч гээд байдаг) бий болсон юм. Зөвхөн захирлууд гэлтгүй мэргэжилтнүүд хоорондоо нүүр хагаран танил болж салбарын хүчирхэг нетворк, мэргэжлийн зөвлөлүүд болж олон ажил төслийн ундарга болж байгаа даа.

Бас нэг дурдах ёстой зүйл бол мөнгө санхүү. Анх ажил авахад Холбооны төсөв мөнгөөр хувийн хобби зүйлд хөрөнгө оруулчихсан, санхүүгийн сахилга алдсан тохиолдол ч байсан. Энэ мэт төсөв санхүү, өр авлага, зөрүү гажуу бүгдийг цэгцэлж журамлаж, санхүүгийн сахилга бат, төсвөөс хувьдаа илүү харах ямар нэг сэдэлгүй соёл, эмх цэгц ноёлох болсон юм. Иймэрхүү зүйлд хариуцаж буй захирал дарга нь л биеэр үлгэрлэж зөв соёлыг тогтоодог, өөр ямар ч замгүй. Байр, сургалтын өрөөнүүдээ сайхан засч тохижуулаад, агуулахад байсан хивсээ хямгадаж хадгалаад байлгүй гаргаж дэвсээд, зар сурталчилгаагаа идэвхижүүлэхэд л түрээсийн орлого эрс нэмэгдээд явчихаж байгаа юм. Эвент арга хэмжээнүүд зохион байгуулах, гишүүд, байгууллагуудтай болон олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж, тэдэнд гэрээт үйлчилгээ үзүүлэх гэх мэт холбооны орлого олж болох түмэн ажил боломж бий. Гуравхан жилийн дотор манай баг лавтайяа хагас тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний хуримтлалыг дараагийн удирдлагын багт хүлээлгэн өгсөн. Бидний үеэс эхлэн МБХ “баян” болсондоо. Холбооны мөнгө санхүү арвижаад ирэхэд зарим банкируудын нүд орой дээрээ гарч “Холбоо мөнгө үрдэг болохоос бас олж болдог юм уу?” гэж итгэж ядан байж билээ. Банк шиг ашиг олоод байхгүй ч байгаа нөөц боломжоо санхүүгийн чадавх болгон хувиргаж чадаад байвал салбарын холбоо ямагт хүчирхэг байна гэж үзэжбайв.

Юутай ч дээр цухас дурдсан салбарын хөгжилд маргаангүй түлхэц болсон бодитой ажил, үр дүнг бид ердөө 3 жилийн дотор амжуулсан юм. Хам хум, зах зухаас нь дурдахад л ийм. МБХ-г одоо 10 жилийн дараа ажиглахад МБХ-ны жижиг том бүхий л зүйл яг хэвээрээ байгаа нь нэг талаасаа бид зөв зүйлийг бат бөх сайн хийжээ гэж баярламаар боловч нөгөө талаас цаг хугацааны эрхэнд цаашид шинэчлэгдэн улам бүр хөгжих ёстой, энийгээ одоо өөрчлөн сайжруулаасай, өргөжүүлээсэй, дараагийн шатанд гаргаасай гэсэн бодол өөрийн эрхгүй төрдгөө мөн нуухгүй хуваалцъя.Тасралтгүй өөрчлөн шинэчилж байж л тасралтгүй хүчирхэг байна.

Миний МБХ-нд хүчээ өгсөн ахархан хугацаанд салбарын холбооны үндэс суурь, салбарын дотоод нетворк холбоосбат бэх тавигдсаныг харах, тэр хөрсөн дээр олон төсөл ажил амжилттай урган цэцэглэж байгааг үзэх, тэр дундаа хамт зүтгэсэн банкны мэргэжилтнүүд, хамт ажиллаж байсан залуус амжилттай явааг нь харах зүйрлэхийн аргагүй сайхан мэдрэмж, сэтгэл ханамж өгдөг билээ. МБХ-г өдий хүргэхэд дээр дурдсан хэдхэн хүн ажилласан биш юм. Үе үеийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, банкны захирлууд, мэргэжилтнүүдийн идэвх санаачлагатай оролцоо, сэтгэл зүтгэл энэ их ажлыг амжуулахад тоолж, дурдаж барахааргүй хувь нэмэр, гол хүч нь болсон юм.Энэ бүх хүнийг, хүчин зүтгэл хувь нэмрийг, хамтран ажилласан дурсамжууд, түүх намтрыг нэр дурдан бүгдийг дэлгэрэнгүй тоочин дурсмаар, дурдмаар авч энд багтахгүй бөгөөд эндүүрч орхиж бүр балрах буй за.

Эцэст нь онцлоход, банкны салбарынхан, нийт санхүүгийн салбарынхандаа, мөн цаашид санхүү, банкны салбарт ажиллах, өргөн нетворкод нэгдэх, энэхүү тэмдэглэлийг хэзээ хойно, хожим унших дараа үеийн банкирууд, залууст санхүүгийн салбарын тэмдэглэлт ойн баярын мэнд хүргэж, салбарын хөгжлийг дараагийн шатанд гаргах, өөрчлөн шинэчлэх их үйлсэд нь амжилт бүтээлийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөж, энэ бяцхан тэмдэглэлийг өндөрлөе.

 

Бадрахын НАЙДАЛАА

2024 оны 5 сарын 10