Б.Нарангоо
Ерөнхий редактор
Ярилцлага
2024.07.08 19:16
7489
Ц.ГАНТУЛГА:ШИНЭ НАМ СОНГОГЧИЙНХОО САНАЛЫГ ДЭЭРЭМДҮҮЛЛЭЭ ГЭЭД ЗҮГЭЭР ХҮЛЦЭЖ СУУХ НАМ БИШ

ШИНЭ намын дарга, доктор Цэндсүрэнгийн Гантулгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын ээлжит сонгууль болж өнгөрлөө. Танай эвслийн хувьд чамгүй санал авсан ч УИХ-д суудал авч чадсангүй. Гэхдээ та бүхэн Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж зөрчсөн хэмээн холбогдох газруудад ханджээ. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-УИХ-ын ээлжит сонгууль амжилттай зохион байгуулагдлаа. Сонгогчдын ирц ч гайгүй, залуучууд маань ч урьд урьдынхаас илүү, идэвхтэй саналаа өглөө. Залуусын хувьд Монгол Улсын төр болохгүй байна, өөрчлөх шаардлагатай байна. Тиймээс бид саналаа өгч байж энэ өөрчлөлт шинэчлэлийг авчирна гэсэн үүднээс идэвхтэй оролцсон. Харамсалтай нь тэдний хүсэн хүлээсэн үр дүн гарсангүй. Өнөөх л МАН, АН-ын МАНАН Төрийн эрхэнд гараад ирэхээр урам нь хугарч байгааг нийгмийн сүлжээнээс анзаарч байна. Тэд өөрсдөө “Бид МАН, АН-д саналаа өгөөгүй, ямар сонин юм бэ” хэмээн гайхаж байгааг хүмүүс харж сонсож байгаа байх. Манай Шинэ нэгдсэн эвслийн хувьд 70 орчим мянган сонгогчийн санал авсан. Гэтэл бидэнд итгэл үзүүлсэн 70 орчим мянган саналыг бусад ялсан улс төрийн нам, эвслүүдэд хуваан өгч байгаа нь шударга бус явдал юм.

-Сонгуулийн тухай хуульд эвсэл байгуулан оролцвол сонгуульд санал өгсөн нийт сонгогчийн таван хувийн саналыг авсан байх ёстой гэж байгаа. Танай эвсэл энэ босгоо даваагүй юм биш үү?

-Би тайлбарлая. Өнгөц харахад таны хэлсэн шиг харагдаж байгаа байх. Тэгвэл үгүй юм. Шуудхан хэлэхэд энэ бол хуулийн хулгай, дээрэм. Үндсэн хуулиа зөрчсөн. Үндсэн хуульд “Намын жагсаалтын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар  сонгоно“ гэж заасан. Монгол Улсад сонгуулийн насны 2.2 сая сонгогч санал өгөх ёстойгоос 1,448,000 иргэн саналаа өгсөн. Тэгэхээр Үндсэн хуулийн дээрх заалтаар бол 1,448,000 иргэнээ жагсаалтын 48-д хуваахаар 30 мянга орчим болж байна. Өөрөөр хэлбэл Үндсэн хуульд зааснаар тухайн сонгуульд 30 мянган сонгогчийн санал авсан нам, эвсэл парламентад нэг суудалтай болно гэсэн үг. Шинэ нэгдсэн эвсэл 70 мянган хүний санал авсан учраас хууль ёсоор парламентад хоёр суудалтай байх ёстой ч суудалгүй үлдэж байна. Гэтэл суудал өгөх нь бүү хэл Сонгуулийн хуульд “Босго давсан намууд нь даваагүй намуудынхаа авсан саналыг тэнцүү хувааж авна” гэсэн дээрмийн заалт оруулчихаад манай 70 мянган саналыг МАН, АН тэргүүтэй таван намд хуваагаад өгчихөж байна. Манай эвслээс гадна Үнэн ба зөв нам гэхэд 41 мянган санал гээд 20 мянга, арван хэдэн мянга, 4, 5, 6 мянган санал авсан намуудын бүх саналыг парламентад суудал авсан намуудад хуваан өгч байгаа нь байж боломгүй зүйл. Нийтдээ Сонгуулийн хуулийн дээрмээс болж, 16 нам, эвсэлд итгэл үзүүлсэн 207,887 хүний санал үнэгүйдсэн. Түүнийг нь парламентад суудал авсан таван нам тус бүрд 41.500 саналыг өгчихөж байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг 2019 оноос хойш хоёр ч удаа хийлээ. Эндээс үр дүн гараагүй хэрэг үү?

-Хэрвээ үр дүн гарсан бол, хэрвээ Монгол Улсын Төр хуулиа биелүүлдэг байсан бол олон мянган хүний санал дээрэмдээд сууж байх уу. Ер нь Үндсэн хуулиа байн байн өөрчилж байхаар бултаар нь өөрчлөх цаг болсныг харууллаа. МАН, АН өсөж бойжиж байгаа жижиг намуудыг парламентад оруулах сонирхол байхгүй учраас хуулийн хулгайгаар “намнаж” байна. Манай Шинэ намд гэхэд анхнаасаа эх орон, газар шорооныхоо төлөө тэмцдэг хүмүүс олон байдаг учраас хавчиж байгааг ч харлаа. Манайхан сонгодог парламент гээд ярьдаг нь худлаа. Өнөөдөр ч Төрийн дээр нам байсаар байна. Монгол Төрийг Төрийн эрх барих дээд байгууллага биш нам удирдах болсоор удлаа. Сая болж өнгөрсөн сонгуулиар парламентад таван нам байтугай 7-8 нам орох боломж байсан ч үүнийг хуулийн хулгайгаар хаалаа. Энэ бүх буруу зүйл, нам засаглаж талцаж байгаагаас болоод ард түмний дунд эв нэгдэл ч алга боллоо. Шинэ нам бол ард түмэндээ баялгийг тэгш хуваарилах асуудлыг хөндөж ярьж ирсэн. Үүнийг ч хаах оролдого сонгуулиар харагдлаа.

-Шинэ нам үндэсний хэмжээний бодлого төлөвлөж, орд газраас хувь эзэмшүүлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэртэй болох, улмаар үндэстэн дамжсан корпорацитай болох зэрэг олон чухал асуудал хөндөж ирсэн улс төрийн хүчин. Энэ бүгдийг өдгөө бүрдсэн парламент хийж чадах уу. Яагаад гэхээр хөгжлийн гол үндэс агуулга энд л байна?

-Монгол Улсын төр засагт уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, иргэдээ ядуурлаас гаргах бодлого, хийж хэрэгжүүлж чадах уу. Үүнд итгэх ард иргэд байна уу, хэзээ хийх вэ. Чадахгүй бол хэн хийх вэ гэх мэт олон асуулт эзэнгүй үлдэж байна. Бидэнд үндэстэн дамнасан корпораци байгуулж, иргэдээ байгалийн баялгийн жинхэнэ эзэн болгож, байгалийн баялгийн өгөөжийг хүртдэг болгох, ард иргэдээ ядуурлаас гаргах ажлаа хийх үүрэг үлдэж байна. Энэ үүргээ биелүүлэхийн төлөө бид зогсолтгүй ажиллаж, тэмцэх болно. Сонгуулийн үр дүнгээс харахад бидний бодлого боловсруулаад яриад байгаа ажлыг хийгээгүй МАН, АН төрийн эрхэнд гарчихлаа. Тэд үүнийг хэзээ ч хийхгүй, 34 жил төрийн эрх барихдаа хийгээгүй зүйлийг одоо хийнэ гэдэг худлаа. Тэдэнд хүсэл ч байхгүй.  

-Тэгвэл Та бүхэнд ямар боломж харагдаад байгаа юм?

-Энгийн, өөртөө байгаа боломжийн захаас аваад үзье. Нөөцөөрөө дэлхийд эхний тавд ордог Тавантолгойн ордоо түшиглээд полимер-химийн үйлдвэр байгуулж чадвал нүүрсээ боловсруулаад шатахуун, барилгын материалын түүхий эдүүд, хуванцар, мяндас, хулдаас, цавуу гээд 10 мянга гаруй төрлийн түүхий эд гарган авах боломжтой. Эдгээр түүхий эдээс хамгийн наад зах нь айл өрхүүд гутлын цавуу, мяндсан олс гэх мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэн, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх боломжтой. Өрх айл болгон полимер-химийн үйлдвэр байгуулах санхүүгийн боломж байхгүй учир төр засаг нь бодлого, стандарт, санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд л ААН-үүд нь хамгийн сүүлийн үеийн технологи, хүчин чадал бүхий дунд оврын үйлдвэрийг оруулаад ирэх боломжтой. Гэтэл Монгол Улс Хятадын түүхий нүүрсний хэрэглээг хангах төдийхөн бодлого баримтлан хилийн боомтод ачиж буулгах хүчин чадлаа нэмэгдүүлэн, жилд экспортлох хэмжээгээ 70 сая тоннд хүргэнэ гэнэ. Экспортлох нүүрсний хэмжээ нэмэгдэх ч зах зээлийн үнэ буурч, Хятад улс тонн тутамд 5-6 ам.долларын татвар ногдуулна гэдгээ мэдэгдээд байгаа. Тэр хэмжээгээр ашиг буурч байна гэсэн үг. Ийм тохиолдолд Төр засаг нь бодлогоо эргэн харж, эрч хүчтэй хурдтай шийдвэрээ гаргах шаардлагатай ч тэд үүнийг хийхгүй нь ойлгомжтой.

-Ийм том том боломжийн дэргэд 34 жил болчихсон гэхээр хэргээр хийх сонирхол байхгүй юм биш үү?

-Надад ч бас тийм хардлага байна. Зах зээлийн үнэлгээгээр 850 тэрбум ам.долларын орд дарж хэвтчихээд, нэмүү өртөг шингээн ААН-үүдээ дэмжих бодлого яагаад хэрэгжүүлж чадахгүй байна вэ, энэ төр засаг. Байгалийн баялаг, нөөцөд нь түшиглээд хөрөнгө оруулалт, мөнгө босгож болдог гэдгийг Рио-тинто харуулж байна. Тэд хоосон ирчихээд Монголын баялаг Оюутолгойн ордыг гадаадын 14 банканд барьцаалаад хөрөнгө босгон, баялгийг ухаад хэдэн тэрбумаар нь ашиг олоод биднээр доог тохуу хийгээд сууж байна. ААН-үүдээ төрийн бодлого, татвар, зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөөд дэмжээд өгвөл полимер-химийн үйлдвэрээс гарах 10 мянга гаруй түүхий эдэд түшиглэсэн жижиг, дунд үйлдвэрлэл өөрөө хөгжинө, үйлдвэрлэл хөгжөөд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулснаар ажлын байрны хэрэгцээ нэмэгдэнэ, ажилчдын цалин өснө. Ажилчдын цалин нэмэгдсэнээр хэрэглээ өсөж, бараа бүтээгдэхүүний худалдан авалт өснө, худалдан авалт өссөнөөр ААН-ийн үйлдвэрлэх бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж санхүүгийн боломж нэмэгдэнэ гэдгийг энэ Төр мэдэж байгаа ч хэргээр хийхгүй байгаа юм болов уу гэж харах боллоо. Бид үүний төлөө сүүлийн хэдэн жил эрдэмтдийн баг бүрдүүлж, онол номын түвшинд судалгаа явуулсан. Ингээд хууль, бодлого боловсрууллаа.

-Тэгэхээр хоёрлуаа эргээд сонгууль руу оръё. Та дээр “Залуус саналаа өгөөд ч хүссэн үр дүн гараагүй. Тэд МАН, АН-д өгөөгүй” гэж байгааг хэлсэн. Гэтэл яагаад МАН, АН ялчихав?

-Энэ нь Сонгуулийн хуулийн хулгайн аргаар хүний саналыг үнэгүйдүүлж өөрсдийнхөө нэр дээр авч байгааг би дээр хэлсэн. Жишээ нь МАН-д 500,000 сонгогч буюу 35 хувь нь итгэл үзүүлсэн байхад хуулийн хулгайгаар олонхи болж байна. АН-д 430,000 сонгогч буюу 30.7 хувь нь итгэл үзүүлж байхад 43 суудал авч байгаа нь өнөөх хуулийн хулгай. Энэ жил залуус сонгуульд идэвхтэй оролцохдоо МАН, АН-д өгөөгүйг үүнээс харж болно. Харин бусад нам, эвсэлд 470,000 гаруй сонгогч буюу 33.6 хувь нь санал өгсөн. Энд л тэдний санал байгаа. Гэтэл ирээдүйгээ саналынхаа үнэ цэнээр бүтээх гэж тэмүүлсэн олон зуун мянган залуусын саналыг хүсээгүй МАН, АН-д дээрэмдээд өгчихөж байна. Ийм нийгэм байж болох уу. Тэр хүний эрх, сонгох сонгогдох эрх хаа байна вэ.

-Нийт 430 мянган хүний саналыг таван намд өгөхөөр тэдний парламентын суудал яаж нэмэгдсэн юм. Тийм тоон судалгаа гарсан уу?

-МАН 509,482 санал авч жагсаалтаар 17 гишүүнтэй болох ёстой ч бусад намуудаас 36.214 санал хуулиар дээрэмдэж, 545.696 санал авсан хэмээн жагсаалтаар 18 гишүүнтэй болсон. Нэг гишүүн нь МАН-ыг огт сонгоогүй буюу өөр намд өгсөн сонгогчдын саналыг дээрэмдэж төрсөн гишүүн юм. Энэ удаад хамгийн их саналыг ИЗНН-д хуулиар дээрэмдэж өгсөн. ИЗНН 73 мянган санал авч, 48.260 саналыг бусад намаас булааж өгснөөр 121.266 авсан хэмээн жагсаалтаар дөрвөн гишүүнтэй болгосон. Жагсаалтын сүүлийн хоёр гишүүн нь ИЗНН-аас бусад намуудад өгсөн саналаар гишүүн болж байна гэсэн үг.

-Үүнийг яах ёстой юм. Сонгогчид өөр зүйл хүсэж, өөр нам, эвсэл, улстөрчдөд саналаа өгсөөр байхад хүсээгүй нам, эвсэл саналыг нь аваад байхаар сонгууль хийхийн хэрэг байна уу?

-Сонгуулийн хуулийн хулгай, дээрмийг зогсоохын төлөө тэмцэх хэрэгтэй. Энэ луйврын сонгуулийн тогтолцоог өөрчлөхгүй бол 2028 онд МАНАН чинь та бүгдийн олонхийн саналыг авахгүй байсан ч босго даваагүй гэдэг шалтгаанаар өөр бусад улс төрийн хүчинд өгсөн бүх саналыг дахиад дээрэмдэнэ. Энэ нь Үндсэн хуулиар баталгаажсан хууль дээдлэх, тэгш, шударга ёсны зарчим, иргэдийн сонгох, сонгогдох эрх, сонгуулийн тэгш зарчим, улс төрийн намуудын эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарласан үйлдэл болж байна. Тэгээд ч МАН, АН сонгуульд аль болох олон нам, эвсэл оруулж, босго даваагүй нэрээр саналыг нь дээрэмдэж байх сонирхолтой байгаа нь ойлгомжтой харагдана. Зарим нэг жижиг намуудыг санхүүжүүлж ч байж мэдэх юм гэх харадлага бол бий.

-Та бүхэн тэмцэх хэрэгтэй гэж байна, одоогийн байдлаар ямар арга хэмжээ аваад байгаа вэ?

-Юуны өмнө хууль зөрчин сонгууль явуулсан Сонгуулийн ерөнхий хороонд шаардлага хүргүүлж, удирдлагуудтай нь уулзсан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Үндсэн хуулийн цэцэд хандлаа. Одоогийн байдлаар ямар нэгэн хариу харж байна. Ерөөсөө Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “...дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэсэн заалт зөрчиж, нам, эвсэлд 4, 5, 7 гэсэн босго тавьсан Сонгуулийн хуулийг 2023 оны зургаадугаар сарын 16-ны өдөр баталж байхад Үндсэн хуулиа хамгаалах үүрэгтэй Цэц үндсэн ажлаа хийгээгүй. УИХ-аас баталж буй хуульд хориг тавих эрх нь Монгол улсын Ерөнхийлөгчид байгаа. Тэгэхээр манай эвсэл төдийгүй саналаа дээрэмдүүлсэн нам, эвсэл, бидэнд саналаа өгсөн олон мянган иргэн ямар нэгэн нааштай хариу ирэх байх гэж найдаж байна.

-Танай нам шинэ тутам нам гэхэд олон мянган санал авсан нь багагүй амжилт гэж харах хүн бий. Гэтэл танайд саналаа өгсөн олон мянган сонгогчийн итгэл үнэмшлийг өөр намууд хүчээр булааж, тэдний итгэл үнэмшлийг дэвсэллээ. Сонгуулийн дараа ямар дүгнэлтэд хүрэв?

-Манай эвсэлд 70 орчим мянган хүн санал өгсөн бол тойрогт өрсөлдсөн 53 нэр дэвшигчид 250 гаруй мянган хүн саналаа өгсөн. Нийтдээ Шинэ нэгдсэн эвсэлд 322 968 сонгогч санал өгсөн гэхээр асар том итгэл. Тэгэхээр танай сониноор дамжуулж, Шинэ намд итгэж саналаа өгсөн 322 968 сонгогчдоо баярлалаа, та бүхний бусдад булаалгасан итгэлийг олж ирэхийн төлөө тэмцэнэ. Шинэ тутам нам ийм хэмжээний санал авч байна гэдэг бидний бодлого, үзэл баримтлал түмэн олонд таалагдаж, тэд үнэхээр шинэ зүйл хүсэж байгааг харуулсан явдал боллоо. Бидний хувьд ч энэ олон мянган иргэний итгэл үнэмшлийг хөсөрдүүлэхгүй ажиллахын тулд л хуулийн хулгайд алдсан хоёр суудлаа нэхэмжлээд байгаа хэрэг шүү дээ. Ямартай ч бид дээрэмдүүллээ гээд хойш суухгүй. Үүнийхээ төлөө ч тэмцэнэ, боловсруулж бэлдсэн бодлого хөтөлбөрөө ч ард олонд илүү их хүргэж, ард түмэнтэйгээ ойр ажиллах болно. Мэдээж хэрэг хуулиар итгэл үнэмшил, үнэт зүйлээ дээрэмдүүлээд байгаа ч манай намд, бидэнд алдаа дутагдал байж таарна. Энэ бүхнээ дүгнэж, алдаа оноогоо цэгнэлгүй яахав. Магадгүй бид илүү ард түмнийхээ дунд ажиллаж, үзэл бодлоосоо эхлээд бодлого хөтөлбөрөө хүртэл танилцуулж, алдаа байвал хамт засаж, оноо байвал хамт урагшлуулах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Нөгөө талаар бид хэт их сенсааци хөөж, бусдын адил яваагүй байх. Зөвхөн боловсруулсан онол ном, бодлогоо л хүргэхийг хичээж ирлээ. Ер нь бол Шинэ нам 322 968 сонгогчийнхоо саналыг дээрэмдүүллээ гээд зүгээр хүлцэж суух нам биш.