Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.07.16 11:57
1903
Ерөнхий боловсролын 3 сургууль тутмын хоёрт сэтгэл зүйч ажиллуулна
БШУ-ы яамнаас 2021 оноос эхлүүлэн ерөнхий боловсролын сургуульд мэргэшсэн боловсролын сэтгэл зүйчийг ажилуулах судалгаа, тооцооллыг хийж, богино, дунд хугацааны төлөвлөгөө боловсруулж ажилласан. Ингэснээр 2023-2024 оны хичээлийн жилд нийт 395 сэтгэл зүйчийг боловсролын сэтгэл зүйчээр мэргэшүүлж, ажилд зуучлан, ерөнхий боловсролын 3 сургууль тутмын 2 нь сэтгэл зүйч ажиллуулж байна.
 
Ерөнхий боловсролын сургуульд нийгмийн ажилтан, эмч, сэтгэл зүйч, хоол зүйч, тэгш хамруулах мэргэжилтэн ажиллаж эхэлснээр сургалтын байгууллагын орчинд суралцагчийн хөгжил, хамгааллын мэргэжлийн баг ажиллах хүний нөөц бүрдэж, Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хуулиар эдгээр албан хаагчдын эрх үүрэг, нийгмийн асуудлыг баталгаажуулсан юм. 
 
Швейцарын хөгжлийн агентлагийн "Тогтвортой хөгжлийн боловсрол I, II", Бадамлин" НҮТББ, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг төсөл хөтөлбөр, дотоод, гадаадын олон улсын байгууллагууд төсөв, санхүүүгийн дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллаж байна.
Хэрэв 2024-2025 оны хичээлийн жилд сургуулиуд сэтгэл зүйч ажиллуулах бүтэц, орон тоогоо шийдсэн бол, мөн сэтгэл зүйч Та сургуульд ажиллах хүсэлтэй бол бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэл 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.