УИХ дахь Хүний эрхийн дэд хороо Цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа амь насаа алдсан гэх 21 настай иргэний асуудлаар мэдээллийг сонсож байна.
ЦЕГ-ын дарга Т.Сүхболд: "Цагдаагийн байгууллага гэмт хэргийн талаар болон гэмт хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны талаар зөвхөн прокурорын байгууллагад танилцуулаад прокурорын байгууллагын зөвшөөрсөн хэмжээнд иргэдэд мэдээлэл өгдөг. Мөн нийгэмд гараад байгаа амь нас хохирсон мэдээлэлтэй холбоотой мэдээллийг өгөх үү, эс өгөх үү гэдгийг ЦЕГ-ын дарга мэддэг.
Манай алба хаагчид бидний өгсөн мэдээлэл дотор яг хуулынхаа дагуу 461 дүгээр ангид хоригдож байсан амь хохирогчийн тал дээр ямарваа нэгэн зүйл зөрчөөгүй.
Цагдаагийн алба хаагчидтай холбоотой гэмт хэргийг АТГ-аас шалгаж байгаа. Өнөөдөр надад ирсэн энэ хэрэг дээр хэдэн цагдаагийн ажилтныг яллагдагчаар татагчихсан байгаа вэ гэдэг асуудал дээр надад ч мөн мэдээлэл байхгүй байна. Энэ бол мөрдөн шалгах ажиллагааны нууц. Тийм учраас бидэнд ямар ямар алба хаагч нар шалгагдаж байгаа, ямар алба хаагч яллагдагчаар татагдсан талаарх мэдээлэл байхгүй байна. Бүх процесс дууссаны дараа л бүх зүйл тодорхой болно. Би бол ёсзүйн хариуцлага хүлээхэд бэлэн. “Танай алба хаагчид хүн зодсоор байгаад алсан байна” гэх юм бол хариуцлагаа хүлээхэд бэлэн байна.