Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.08.23 17:08
4747
"Цалинтай ээж" хөтөлбөр хавтгайрсан халамжуудын л нэг юм уу ХНХ-ын сайд аа...

Цалинтай ээж хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэрийг 2016 онд гаргаж байсан. Тухайн үеийн судалгаанаас харахад манай улсын нийт өрхийн 72.8 хувийг 1-2 хүүхэдтэй өрх эзэлж байжээ. Тиймээс засгийн газраас нэг өрхөд ногдох хүүхдийн тоог нэмэгдүүлэх, олон хүүхэдтэй өрхийг дэмжих зорилгоор цалинтай ээж хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

Харин дээрх 50 мянган төгрөг үнэхээр бодит дэмжлэг болж чаддаг уу. Бүтэн сарын хугацаанд 50 мянган төгрөгөөр та юу авч чадах вэ гэх асуулттай одоо ч нүүр тулсаар.

Гэвч цалинтай ээж хөтөлбөр гэж нэрлэгдээд буй 50 мянган төгрөгөөр ээжүүд уут пампарс, хүүхдийнхээ сүүг ч авч хүрдэггүй талаар ярьсаар ирсэн. Өмнөх ХНХ-ын сайд Х.Булгантуяа цалинтай ээжийн мөнгийг үе шаттайгаар нэмэхээ мэдэгдэж сонгуулийн өмнөх шоугаа ээж нар дээр хийгээд авсан. Гэвч өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар ХНХ-ын шинэ сайд Л. Энх-Амгалан “цалинтай ээж” хөтөлбөр ч гэсэн хавтгайрсан халамжийн нэг хэлбэр. Цаашдаа цалинтай ээжийн мөнгийг хэрхэн яаж, хэнд өгөх вэ гэдгээ тодорхой болгоно гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр магадгүй дөрвөн жилийн дараа сонгуулийн өмнө цалинтай ээжийн мөнгө нэмэгдэх нь. 

Харин цалинтай ээж хөтөлбөрийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгож чаддаггүй юм аа гэхэд үнийн хөөрөгдөл, инфляцтай уялдуулж нэмбэл бодит дэмжлэг болно гэдгийг ээжүүдийн төлөөлөл хэлж байна. Мэдээж 2016 оны 50 мянган төгрөг өнөөдрийн 50 мянган төгрөгийн хооронд асар их ялгаа бий.

Цалинтай ээж хөтөлбөр  цалин уу, тэтгэмж үү, халамж уу гэх асуултууд ч гарч ирэх юм. Хэрэв тэтгэмж бол зорилтот бүлгийнхээ эрэлт хэрэгцээнд нийцүүлэх зайлшгүй шаардлагатай. Эсвэл цалин бол ядаж л хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр олгогдох ёстой болох юм.

Харин хуулийн талаас аваад үзэхэд тухайн ээж ажил хийхгүйгээр хүүхдээ асрах боломжийг л бүрдүүлэх явдал юм.

Манай улсын хувьд 50 мянган төгрөг л олгодог бол БНСУ-д хүн амын өсөлтөө дэмжихийн тулд сар бүр 0-1 настай хүүхэдтэй эцэг, эх бүрт 700,000 вон олгодог байна. Тиймээс хүн амын өсөлтөө дэмжих, олон хүүхэдтэй өрх, ээжүүдийн ачааг бага ч гэсэн хуваалцах зорилгоор цалинтай ээж хөтөлбөрөөс ээжүүдийг хасах биш харин ч цалин гэгдэх 50 мянган төгрөгийг нь нэмэх шаардлагатай байна.

Цалинтай ээж хөтөлбөр хавтгайрсан халамжуудын л нэг юм уу ХНХ-ын сайд аа...