Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.08.23 18:00
1644
Хамуурсан бордюраа солих мөнгөөрөө явган хүний зам, дугуйн замаа сольё

Өнгөрсөн хавраас эхлэн замын бордюр солих ажилтай холбоотой шүүмжлэл тасарсангүй. Уг асуудалтай холбогдуулан хотын дарга Х.Нямбаатар “Бордюр яриад байгаа хүмүүст хэлэхэд шинжлэх ухааны үндэслэлгүй шүүмжилдгээ болих хэрэгтэй. Хамуурсан бордюраа бид сольё, улс төрийн зорилготой шүүмжлэлийг харин хүлээж авахгүй” хэмээн ширүүхэн дугараад авсан.

Замын бордюрын стандарт замаас 15 см өндөр байх ёстой гэх. Стандарт мөрдөх хэдий чухал ч нийслэлд нэн тэргүүнд тулгамдаж буй асуудал борьдюр уу гэвэл үгүй.

Монгол улсад стандартын шаардлага хангасан явган хүний зам, дугуйн зам бараг л байхгүй. Тэр дундаа алслагдсан дүүрэг, гэр хорооллын гудамжинд стандарт гэж бүр ч ярилтгүй.

2022 онд 1498 осол гарч, 117 явган зорчигч амь насаа алдсан. Үүнээс 64 нь унадаг дугуйн осол байсан ба 61 хүн хүнд хөнгөн гэмтэж, гурван хүн амиа алджээ. Мөн 76 хүүхдийн амь нас эрсэдсэний тав нь унадаг дугуйтай тээврийн хөдөлгөөнд оролцож байсан гэх судалгаа бий.

Иргэндээ ээлгүй хотод стандарт чухал ч нэн тэргүүнд аюулгүй байдал яригдана.

Эрх баригч нам 2020 оны мөрийн хөтөлбөрийнхөө 5.4.5-д “Дугуйн зам” хөтөлбөрийг үргэлжлүүлж, стандартын дагуу тохижилт, гэрэлтүүлэг бүхий 150 км дугуйн замын шинэ сүлжээ байгуулж, дугуйн зогсоолын дэд бүтцийг өргөжүүлнэ” хэмээн тусгасан. Гэвч амлалт дөрвөн жилийн хугацаанд биелсэнгүй.

2024 оны эхний гурван сарын байдлаар 149 бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөж, хохирсон тохиолдол бүртгэгдсэн байна. Хариуцлагагүй жолооч, стандартгүй хотын балгаар иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байхад бид бордюр биш замаа засах хэрэгтэй!