УИХ ээлжит бус чуулган зарлаж, 2024 оны төсвийн тодотголыг яаралтай горимоор хэлэлцэж буй. Ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцээд 3,2 их наядаар тэлэх шаардлагатай хэмээн үзэж, энэ оны төсөв 30,2 их наяд болж өөрчлөгдөх төлөвтэй байна. Тэгвэл дэлхийн бусад улс орон ч ялгаагүй эдийн засгийн нөхцөл байдалдаа тохируулан төсөвтөө өөрчлөлт оруулдаг байна. Манай улс өмнө нь уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханшийн савалгаанаас эдийн засгаа хамгаалах зорилгоор төсвийн тусгай шаардлагуудаа өөрчилж байсан. Тэр жишгийн дагуу энэ удаад Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх , эдийн засгийг эрчимжүүлэх,хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтыг эхлүүлэх, төсвийн тогтвортой байдлыг хангах , өрийн дарамтыг бууруулах зорилгоор өөрчлөхөөр төлөвлөжээ.
Төсөв тодотгосноор өр нэмэгдэхгүй
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр, суурь тэнцлийг /урсгал зардал, улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтын зардал/ ДНБ-ны +2 хувийн ашигтай гаргаж, үүгээр зээлээ төлнө. Өмнө нь өрийг хэрхэн төлөх талаар хуулийн зохицуулалт Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд байгаагүй бол энэ удаад хуульд зохицуулалт хийн оруулж өгч байна. Энэ нь жилд ойролцоогоор 400-500 сая ам.доллартай тэнцэх дүн ба гадаад зээлийн үндсэн төлбөрийг бүрэн төлж, нэмээд гадаад бондуудаа буцаан худалдан авах нөхцөл бүрдэх юм байна. Ингэснээр Засгийн газрын өрийн үлдэгдэл тогтвортой буюу нэрлэсэн дүнгээр ДНБ-ий 44-45 орчим хувьд байж, өрийн 60 хувийн хуулийн харьцааг хангахаар байна.
Өмнөх тусгай шаардлага нь нийт зарлагын өсөлтийг хязгаарласан байсан. Гэтэл сүүлийн 10 жилийн хугацаанд урсгал зардал/цалин тэтгэвэр гэх мэт/ огцом нэмэгдэж, хөрөнгө оруулалтын зардлын орон зай хумигдаж эхэлсэн. Үүнээс болж цаашид бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх томоохон бүтээн байгуулалт/аж үйлдвэр, дэд бүтэц, эрчим хүч, зам/ хийх боломжгүй болж байна. Иймээс шинэ тусгай шаардлагаар урсгал зардалдаа /ДНБ-ны 30 хувиас хэтрүүлэхгүй/ хязгаарлалт тавьж, хөрөнгө оруулалт хийх төсвийн орон зайг үүсгэж өгч байна. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалт, урсгал зардлыг ДНБ-ны +2 хувийн ашигтай болгож, жил бүр өр төлбөрөө барагдуулахаар тусгасан.
Гадаадын зээл ашиглалтыг нэмэгдүүлж, бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлэх нь
Сүүлийн жилүүдэд, төсвийн урсгал зардлын хэмжээ нэмэгдэж, гадаад зээлийн ашиглалт буурч, төсвийн зарлагын өсөлт хязгаарлагдсанаар хөгжлийн төслүүдийг хугацаанд нь хэрэгжүүлэх, үр өгөөжийг нь хүртэх боломж хумигдсан. Үүнээс болж газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт удаашралтай байгаа. Иймээс төсвийн тусгай шаардлагадаа хөгжлийн суурь болсон эрчим хүч, дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдээ эрчимжүүлэх өөрчлөлт оруулах шаардлага үүсч байна.
Төсвийн шинэ тусгай шаардлагуудыг хэрэгжүүлэхгүй байснаар Монгол Улсын нийгэм эдийн засагт гарах сөрөг нөлөөлөл
Хөгжлийг дэмжих, эдийн засгийн өсөлтийг хангах, ажлын байр нэмэгдүүлэх, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжих боломжгүй болно. Хөгжлийн төслүүдэд хөрөнгө оруулалт хийж байж эдийн засгийн салбарын нүүрснээс хараат байдал буурна. Бусад том салбаруудаа дэмжиж, ажилгүйдэл ядуурал буурна.
Жишээ нь:
Тэгэхээр бид томоохон төслүүдээ хөдөлгөж урагшлах уу, үлдэх үү гэдэг сонголтын өмнө тулж ирээд байна.