Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2024.08.30 17:40
6646
“Хүнсний хувьсгал”-ын хэрэгжилтэд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен болон холбогдох албаныхантай уулзалт хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг цаашид улам бүр амжилттай хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоо маш чухал юм. Иймд тус хөдөлгөөний хүрээнд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны бүрэлдэхүүнд өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлууд болон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа танилцууллаа.

Тодруулбал, малыг эрүүлжүүлэх, стандартжуулах, мах экспортлох болоод ард иргэдээ чанартай, хямд махаар хангах талаар хэлэлцлээ. Мөн хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, аюулгүй байдалд анхаарах, хяналт тавих зэрэг өргөн хүрээнд санал солилцож, хийгдэж буй ажлуудын хэрэгжилтэд илүүтэй анхааран хамтран ажиллахаа хоёр тал илэрхийллээ.