Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2024.09.02 15:44
4088
Дулаан алдахгүй жилийн дөрвөн улирлын турш тариалалт хийх боломжтой ухаалаг хүлэмж ашиглалтад орлоо

“Хойд бүсэд зохицсон ухаалаг хүлэмжийн загвар аж ахуйг хөгжүүлэх төсөл”-ийн нээлт боллоо. Тус үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын санхүүжилтээр Хөдөө Аж Ахуйн Их Сургуультай хамтран 2021 оноос эхлэн хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд манай орны эрс тэс уур амьсгалд тохиромжтой бөгөөд жилийн дөрвөн улиралд тариалалт хийх боломжтой дэвшилтэт технологийн дагуу өвөл, зуны найман хүлэмжийг жишиг загвараар барьж ашиглалтад оруулжээ.

Түүнчлэн манай орны нөхцөлд зохицсон өвөл, зуны хүлэмжийн жишиг загварыг боловсруулахын тулд 1985 оноос 2021 оныг хүртэлх нийт 36 жилийн цаг уурын тоон мэдээллийг нэгтгэж, дулаан алдахгүй байх зэрэг дэвшилтэт технологийг ашигласнаар, жилийн турш тариалалт хийх боломжтойгоор шийджээ.

Энэхүү хүлэмж нь халаалт, хөргүүрийг экологид ээлтэй, зардал хэмнэсэн нарны эрчим хүчний технологиор шийдэж, гидропоник технологи буюу жилийн турш шинэ ургацын хүлэмжийн ногоо ургуулах боломжийг бүрдүүлсэн байна. Мөн энэ чиглэлийн мэргэжилтэн, агрономч, ногоочдыг бэлтгэж чадавхжуулахаар төлөвлөжээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан:

Хүнсний аюулгүй байдал, тогтвортой хангамжийг бодитоор нэмэгдүүлэх бүтээн байгуулалтуудыг бодлогоор дэмжин ажиллах нь чухал. УИХ-аас Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих ажлын хэсгийг 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, ажлаа эхлүүлсэн. Салбарын  үйлдвэрлэл, үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо” хөдөлгөөнүүдийг хамтад нь эрчимжүүлнэ. Мөн салбар хоорондын уялдаа холбоо бүхий дотоодын үйлдвэрлэлийг цогцоор нь дэмжсэнээр хүнсний хэрэглээний тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх ач холбогдолтой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр:

Манай орны уур амьсгалд тохирсон дөрвөн улирлын орчин үеийн ухаалаг хүлэмж нээлтээ хийж байгаа нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт том дэвшил боллоо. Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын санхүүжилтээр Хөдөө Аж Ахуйн Их Сургуультай хамтран хэрэгжүүлж буй уг төсөл нь цаашлаад хоёр орны хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх ач холбогдолтой гэж харж байна. Мөн уг төсөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд онцгой нөлөөтэй юм. “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд ч мөн дээрх төслийг дэмжин ажиллаж байна. Тухайлбал хүлэмжийн тариалалт явуулахад шаардлагатай зарим тоног, төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлсөн, хүнсний ногооны тонн тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал олгож байгаа зэрэг олон хэлбэрээр дэмжиж байна.

Олон улсын таримал судлалын хүрээлэнгийн захирал Ли Юун Бом:

Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахын тулд хөдөө аж ахуйн салбарт шинэ технологи, сайн туршлагууд шаардагдаж байна. Монгол орны газарзүйн байршил, цаг агаарын онцлогт тулгуурлан  хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх ухаалаг систем бүхий хямд өртөгтэй хүлэмжийн 10 загварыг төлөвлөснөөс наймыг нь сонгон, ашиглалтад орууллаа. Ингэхдээ зөвхөн жишиг хүлэмжийн бүтээн байгуулалтын ажил төдийгүй таримлын шинэ сорт, технологи болон хүлэмжийн цогцолборын үйл ажиллагааг жигдрүүлэх судалгааны ажлууд үргэлжилж байна.