Манай сурвалжлах баг Төв аймгийн Заамар сумд ажиллаж байна. Төв аймгийн иргэн Т.Мөнхсүлд "Би Төв аймагт төрж өссөний хувьд Төв аймгийн 27 сум 100 мянга гаруй иргэдийн нийтлэг эрх ашгийн төлөө мэдээлэл хийж байна. Учир нь орон нутгийн өмчит үйлдвэрийн газар Төв аймгийн нийтлэг эрх ашгийг хамгаалах ёстой. Гэтэл энэ үйлдвэрийн газраар дамжуулаад Төв аймгийн Заамар сумын Төмстэй багт улсын төсвөөр хайгуул судалгаа хийсэн өнөөдрийн өртгөөр 540 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий хоёр тонн бүхий таамаг нөөцтэй ордыг цааш нь алга болгох гэж байна. Энэ асуудал Төв аймгийн сүүлийн найман жилийн удирдлага энэ асуудалтай холбоотой. 2017 оны нэгдүгээр сарын 7-ны иргэдийн тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор Төв аймгийн “Төв эрдэнэс” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулах шийдвэр гарсан. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газраар дамжуулж иргэд ашиг хүртэж, сайхан амьдрах боломжтой гэсэн танилцуулга хийж, Төв аймгийн ИТХ-аар оролгүйгээр тэргүүлэгчдийн тогтоолоор энэ ОНӨҮГ байгуулж байсан. Гэтэл 2017 оны 1.3-нд гэрчилгээ авсан гуравхан хоногийн түүхтэй “Гоулд харбер” гэх компанитай хамтран консерциум болж, “Эрдэнэсийн эрэг” гэх компани байгуулсан. "Эрдэнэсийн эрэг" компани байгуулах шалгуур, шалтгаан нь юу байсан юм энэ бол хардах нэг үндэслэл. Ямар ч түүхгүй, өөрийн гэсэн хөрөнгөгүй компаниар дамжуулж тухайн үед 66 хувийн ашгийг тэр компанид өгч, аймгийн ард иргэдэд 34 хувийг өгөхөөр болсон. “Эрдэнэсийн эрэг” ХХК нь цаашлаад АМГТГ-аас хязгаарлагдмал тендер гэх хууль бус тендерт орж, Заамар сумын Төмстэй багт орд газар эзэмшиж эхэлсэн.
“Эрдэнэсийн эрэг” гэх компанийг үүсгэн байгуулахдаа ТУЗ-өө дөрвөн хүнийг оруулж, “Төв эрдэнэс” ОНӨҮГ 34 хувийг эзэмшихдээ ТУЗ-д гурван хүн оруулсан. Асуудлыг дийлэнх олонхийн саналаар шийднэ гэсэн ч саяхан 2022 онд дүрэмдээ өөрчлөлт оруулж, олонхийн саналаар шийднэ гэж гарчээ.
Олонхийн санал гэдэг нь юу юм гэхээр тухайн ААН асуудлаа шийдээд, төв аймгийн ард иргэдэд хүртээлгүй цаашид үйл ажиллагаа явуулах болжээ.
Тодруулбал, тухайн үеийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, одоогийн УИХ-ын гишүүн Ж.Батжаргал энэ асуудлыг өөрөө өргөн мэдүүлж оруулсан. “Төв эрдэнэс” ОНӨҮГ өөрөө бие даан энэ ордыг эзэмших боломжтой байхад яагаад гуравхан хоногийн түүхтэй компанитай нэгдсэн юм бэ. Үүнийг Төв аймгийн ард иргэд чих тавин маш анхааралтай ажиглаасай гэж хүсч байна. Энэ ААН-тэй хамтраад өнөөдрийг хүртэл ямар ч тайлан танилцуулга тавилгүйгээр Төв аймгийн иргэдийн хурал хуралдаж ирсэн. Яг одоо Төв аймгийн иргэдийн хурал хуралдаж байна. “Төв эрдэнэс” гэх ОНӨҮГ-ын санхүүгийн болоод үйл ажиллагааны тайлан тавигдаж байна. ” гэлээ.