Масс сайтын өглөөний шууд ярилцлагын энэ удаагийн зочноор "Тавантолгой түлш" ХХК-ийн ерөнхий инженер Ц.Алтансүх оролцож, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ярилцлаа.
- Тавантолгой түлш компани өвөлжилтийн бэлтгэлээ базаасан уу? Гал алдах эрсдэл үүсэх вий гэдэг асуудал анхаарлын төвд байна?
Манай компанийн хувьд өвлийн бэлтгэл ажлаа хангаж зуны улиралд 100 мянган тонн шахмал түлш бэлдэх ёстойгоос одоогийн байдлаар 86 мянган тонныг нөөцлөөд байна. 9 сарын 15 гэхэд 100 мянган тонноо бүрэн нөөцлөөд дуусна. Мөн үйлдвэрүүдийн их урсгал засварын ажлууд 85 хувийн гүйцэтгэлтэй байна. Төв, зүүн үйлдвэрүүдийн нэг, гуравдугаар цехийн засварын ажил бүрэн дууссан. Үйлдвэр хэвийн ажиллаж байна. Хоёрдугаар цехийн өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй, энэ сарын 15 гэхэд үйлдвэрээ залгахаар ажиллаж байна.
Мөн түүнчлэн барьцалдуулагчийн нөөц 9 мянган тонн, шуудайны нөөц 19 сая ширхэг, мидлингийн хувьд 300 орчим мянга тонн нөөцтэй байна. Бид өвөлд бэлэн, асуудалгүй.
- Барьцалдуулагчийн тал дээр асуудал үүсээд байдаг. Муу шахалттай байна гэх мэтээр. Энэ асуудалд хэрхэн анхаарлаа хандуулсан бэ, сайжруулах технологи хийгдсэн үү?
Энэ тал дээр бид өмнө нь олон төрлийн барьцалдуулагч ашигладаг байсан бол одоо импортын нэг, дотоодын үйлдвэрийн нэг гээд 2 төрлийн л барьцалдуулагч ашиглаж байна. Чанартай холбоотойгоор ямар нэг асуудал үүсээгүй. Барьцалдуулагчийн нөөцийн хувьд дотоодын үйлдвэртэй гэрээ хийгдсэн 2000-3000 тонны нөөцтэй байна. Түүхий эдийн хувьд нөөц тасалдах эрсдэл үүсэхгүй.
- Иргэд аж, ахуй нэгжүүдэд хэзээнээс эхлэн борлуулах вэ?
Борлуулалт 9 сарын 15-наас 5 сарын 15-ны хооронд явагддаг. Борлуулалтын цэг сонгон шалгаруулалт явагдаад дууссан. 670 цэгээр борлуулалт хийгдэнэ.
- Саяхан нэг үйлдвэрт гал гарсан гэх мэдээлэл цахим орчинд тархсан шүү дээ. Ноцтой эрсдэл үүссэн үү?
Ойрын хугацаанд гал гарсан зүйл байхгүй, ташаа мэдээлэл байна. Бусад үүсэн асуудлын тухайд нийслэлийн хариуцаж байгаа агуулахад 100 мянган тонн шахмал түлш нөөцөлдөг. Зуны улиралд аадар борооны улмаас агуулахын дээвэр эвдэрч, 200 мянган тонн шахмал түлш дээрээсээ бага зэрэг норсон асуудлыг ангилж ялгаад шийдвэрлэсэн байгаа.
- Шахмал түлшнээс болж иргэд угаартаж нас барлаа гэх асуудал үеийн үед яригддаг. Энэ нь хоёр талтай байх. Нэг талаараа иргэд анхаарал болгоомжгүйгээсээ болж байж олох, нөгөө талаасаа түлшний найрлагад асуудал байна уу гэх хардлага байдаг. Энэ тал дээр та тайлбар өгөөч.
Өмнөх түүхий нүүрстэй харьцуулахад шахмал түлш нь Эрдэнэс тавантолгойн угааж боловсруулсан дундын хэсэг буюу мидлинг учраас нүүрстөрөгчийн агууламж өндөр тул угаарын хий ялгарах нь өндөр гэсэн үг. Гэтэл иргэд бүрэн шатаж дуусахаас нь өмнө яндангаа хаадаг, өрхөө бүтээдэг зэрэг буруутай үйлдлээс угаартах эрсдэл үүсэж байгаа юм. Энэ талаарх мэдээ мэдээлэл, анхааруулга өгч сургалт явуулдаг. Иймд иргэд өөрсдөө сэрэмжтэй байх шаардлагатай.
- Сайжруулсан шахмал түлшний шуудайг дотоодын үйлдвэрээс нийлүүлэх боломжтой юу?
Шуудайны хувьд 100 хувь БНХАУ-аас оруулж ирдэг. Өнгөрсөн жилүүдэд үндэсний үйлдвэрлэгч Гранд лаки гэх газраас цагаан шуудайг нийлүүлдэг байсан ч шуудай нь бэхжүүлэгч ялтасгүйн улмаас сунах, урагдах гэх мэт асуудлууд гарч байсан учраас урд хөршөөс импортлодог хэвээрээ байна. Хэрвээ шаардлагад нийцсэн Үндэсний үйлдвэрлэгч орж ирэх юм бол дотоосоо хангах боломжтой.