Улсын Их Хурлын ээлжит бус чуулган 2024 оны 08 дугаар сарын 15-30-ны хооронд хуралдаж, нийт 12 өдөр үргэлжлэн, 7 удаа нэгдсэн хуралдаан болж, 30 хууль, тогтоол баталсан болохыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж мэдээллээ. Үргэлжлүүлэн тэрбээр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2024 оны ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үгэндээ онцолсон ГУРВАН ТӨГӨЛДӨРЖИЛТИЙГ дурдаж, тус бүрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Түүнчлэн холбогдох байгууллагуудаас хийсэн судалгаагаар хуульд заасан үндэслэлээр яам, агентлагаас баталсан олон дүрэм, журмууд нь хүний эрхийн олон төрлийн зөрчил үүсгэж байгаа нь тогтоогдсон тул Улсын Их Хурлын гишүүдийн саналыг авч, нийт 53 ажлын хэсэг байгуулаад байгаа талаар мэдээлэл өгөв.
Тодруулбал, хүний эрх, хууль зүйн хүрээнд 16, төрийн байгуулалтын болон төрийн албаны чиглэлээр 5, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр 9, эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагааны чиглэлээр 16, байгаль, орчин, хүрээлэн буй орчин 3, хот байгуулалт, дэд бүтцийн салбарын 5 ажлын хэсгийг байгуулаад байгаа юм.
Үргэлжлүүлэн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж зарим ажлын хэсгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний төслийг боловсруулж, ирэх намрын чуулганаар өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа ахалж ажиллаж байгаа юм байна.
Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан дээрх 53 ажлын хэсгийн 18 нь холбогдох санал, дүгнэлтээ боловсруулан 2024 оны намрын ээлжит чуулганаар Улсын Их Хуралд танилцуулах бол бусад ажлын хэсэг ирэх 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд санал, дүгнэлтүүдээ Улсын Их Хуралд танилцуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулган Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу 10 дугаар сарын 01-ний өдөр эхлэх бөгөөд үүнээс өмнө хуульд заасны дагуу Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, саналыг нь авч ажиллаж байгааг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж дарга мэдээллээ. Ирэх оны улсын төсвийн төслийг D-Parliament цахим хуудаст байрлуулсан бөгөөд иргэд саналаа өгөх боломж нээлттэй байгааг тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо.