Энэ оны эхний долоон сарын байдлаар 950 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 8200 гаруй өрхөд олгосон талаар Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал Л.Амар мэдээллээ. Тэрбээр "Өнгөрсөн хагас жилд банкны зээл 30 хувиар өсөж, хэт халалттай байлаа. УИХ-ын сонгуульд ялсан намын мөрийн хөтөлбөрт зээлийн хүүг бууруулах, төсвийн зардлыг ДНБ-ий 25 хувиас хэтрүүлэхгүй байх зэрэг бизнесийн орчныг сайжруулах ач холбогдолтой заалтуудыг үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаагүй нь харамсалтай байна" гэдгийг онцолсон юм. Мөн ипотекийн зээлийн зохицуулалтыг Засгийн газарт шилжүүлэх шаардлагай гэв. Иргэд ипотекийн зээлийн хүсэлтээ өгөөд нэгээс хоёр жилийн хугацаанд хүлээсэн ч шийдэгддэггүй, дараалал, чирэгдэл ихтэй байдаг талаар мэдээлэл өгдөг. Тэгвэл энэ нь Монголбанкны үйл ажиллагаатай бус арилжааны банкны заагдсан хуваарь, төсөвтэй холбоотой гэж Монголын Банкны Холбооноос мэдээллээ.
Тухайлбал иргэн Б: "2023 оны аравдугаар сард байр авахаар төлөвлөн ипотекийн зээлийн хүсэлт өгсөн. Одоог хүртэл ямар нэгэн хариу, шийдвэр гараагүй гацсан байдалтай байна. Банкнаас тайлбар авахаар очиход санхүүжилт зогссон гэхээс өөр тодорхой мэдээлэл өгөөгүй" гэв.
Иргэн Н “Тухайлсан банкны салбарын санхүүжилттэй төслөөс байр авахаар болж зээлийн хүсэлтээ өгч, судлуулсан. Банк өөрийн санхүүжүүлсэн төслөөс сард 1-2 ипотекийн зээл гаргах квоттой юм билээ. Улмаар зээлээ судлуулж, байрны урьдчилгаа мөнгөний эх үүсвэрээ батлах гэж гурван сарын хугацаа алдсан. Банк зөвхөн өөрийнхөө санхүүжүүлсэн байранд ипотекийн зээл олгож байгаа нь бусад жижиг барилгын компаниудад зээл олдохгүй байх, борлуулалтгүй байх, барилга гацах эрсдэлтэй санагдсан” гэсэн юм.
Олон залуу гэр бүл орон сууцтай болох хүсэлтэй ч тэдний материал ипотекийн зээлийн хүсэлт гэх хэдэн зуун мянган иргэний хүсэлтэд дарагджээ. Хэний зээл хурдан шийдэгдэж байна гэвэл танил талтай, банкнаас санхүүжилт авсан томоохон төслүүд урагшилж байна. Томоохон төслүүдээ л шийдээд байвал гэр хороолол гэр хорооллоороо үлдэж, яндангаасаа салах нийслэлчүүдийн мөрөөдөл мөрөөдөл чигтээ үлдэх нь ээ.