Төрийн өндөрлөгүүд тэргүүнээ нэгэн зэрэг бөхийлгөдөг өдөр бол есдүгээр сарын 10-н буюу улс төрийн хэрэгт хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх энэ өдөр байдаг.
Монгол Улсын Их Хурал 1996 онд жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн. Түүнээс хойш 29 дэх жилдээ улс төрийн хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг ийнхүү хүндэтгэж ирсэн билээ. Тэгвэл Монголд өрнөсөн Их Хэлмэгдүүлэлт нь 1922 оноос 1937 онд дээд цэгтээ хүрч Монгол төр 45-55 мянга гаруй хүнээ хөнөөсөн бөгөөд энэ нь Монгол улсын нийт хүн амын 8-13% байсан гэдэг. Эдгээрээс 18,000 нь лам нар байсан бөгөөд одоогийн байдлаар улс төрийн хэрэгт хэлмэгдэж шийтгэгдсэн иргэдээс нийт 31400 гаруй иргэнийг цагаатгаад байгаа аж.
Гэхдээ... Улс төрийн их хэлмэгдүүлэлт дууссан гэх ч одоо ч ил, далд хэлбэрээр үргэлжилсээр буй. Төрийн өндөрлөгүүд энэ өдөр хөшөө дурсгалын өмнө олноороо гарч ирж зураг даруулах, цэцэг өргөхдөө бус энэ хар бараан сүүдрийн ард нэг ч хүнийг үлдээхгүйн төлөө, цаашид хэрхэн сэргийлэх вэ гэдэг асуудлыг авч хэлэлцдэг, хийхэд илүүтэй анхаарлаа хандуулдаг байх ёстой.
Тэмдэглэн өнгөрөөлөө хэмээн баяр ёслолын бахдам сайхан зүйлс мэтээр ярьж сурталчлах нь ч зохимжгүй юм. Үүнээс гадна орчин үеийн залуус улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаарх ойлголт мэдлэг дутуу, дулимаг байгаагаас үүдэн хүний эрх, эрх чөлөөг балмадаар сүйтгэсэн хэргийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээ сулхан байдаг. Манай улсад хэлмэгдэл болсон тухай архивын материалаа нууцалдаг, зөвхөн ах дүү нар нь тусгай зөвшөөрлөөр үздэг, хэлмэгдүүлэлтийн талаарх мэдээлэл ерөнхийдөө хаагдмал байдгаас ч үүдэлтэй байж болох. Энэ талаарх мэдээллийг нийтэд ил болгосноор хэлмэгдлийг цагаатгах, цаашлаад дахин тийм жигшүүрт хэрэг гарахаас сэргийлэх боломжтой юм.