Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр болно. Сонгогчийн саналыг 2024 оны аравдугаар сарын 11-ний баасан гарагт Улаанбаатарын цагаар 07.00-20.00 цаг хүртэл авна.
Орон нутгийн сонгуультай холбоотойгоор СЕХ-ны тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
Сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой мэдээлэл өгөхгүй юу? Хэчнээн нэр дэвшигч бүртгүүлсэн байгаа вэ?
Орон нутгийн сонгууль их хурлын сонгуультай залгаж явдаг учраас бэлтгэл ажил дөрөвдүгээр сар буюу Их хурлын сонгуультай давхцаад бэлтгэл ажил хийгдсэн гэсэн үг. Орон нутгийн сонгуулийн тухайн сум, дүүрэг, аймаг, нийслэлийн сонгуулийн хороод нь өөрсдөө бие дааж зохион байгуулж дээд шатны байгууллага нь болж явдаг онцлогтой. Сонгуулийн ерөнхий хорооны хувьд нэгдсэн мэргэжил, арга зүйн удирдлагаараа хуулийн хэрэгжилтийг хангах тал дээр зөвлөмж зөвлөгөө өгөөд явдаг.
Энэ удаагийн сонгуульд бүх шатандаа нийт 8031 мандат байгаа, 17400 гаруй хүн өрсөлдөхөөр хуульд заасан хугацааны дагуу баримт материалаа ирүүлсэн.
Улаанбаатар хотын хэмжээнд хэчнээн нам, эвсэл бүртгүүлсэн бэ?
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд 15 нам, 1 эвсэл буюу нийт 16 субъект сонгуульд оролцохоо илэрхийлсэн. Урьд нь орон нутгийн сонгуульд ийм олон нам, эвсэл орж байсан түүх байхгүй. Нийтдээ 840 гаруй нам, эвслүүд улсын хэмжээнд сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн.
Нэр дэвшигчдэд батламж гардуулах үйл ажиллагаа хэзээ вэ?
Есдүгээр сарын 12-ний өдөр материалуудыг нягтлан шалгана. Хэрэв нэр дэвшигчдэд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй байх юм бол нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд тэр хүн өөрөө 3 хоногийн дотор зөрчлөө арилгаж 16-ний дотор зөрчлөө арилгасан материалаа өгч дахин бүртгүүлэх хүсэлт гаргаж болно. Эсвэл тухайн нам, эвсэл нь өөр хүнийг оронд нь нэр дэвшүүлэх боломжтой. Нэр дэвшигчдэд үнэмлэх олгох ажил есдүгээр сарын 26-ний өдөр болно. Үүгээр сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, сурталчилгаа 15 хоног үргэлжилнэ.
Саналын хуудас ямар байх вэ?
2024 оны орон нутгийн сонгуулийн саналын хуудас ямар байх вэ гэдэг загварыг баталсан. Саналын хуудас үндсэн нэг цаас дээр хоёр хэсэгтэй байна. Эхний дээд хэсэгт нь аймаг, нийслэлийн төлөөлөгчийг сонгох, доод хэсэгт нь сум, дүүргийн төлөөлөгчийг сонгох гэсэн хэсэгтэй байна. Орон нутгийн сонгуулийн нэг онцлог бол мандатын тооноос илүү санал тэмдэглэж болохгүй, дутуу байж болно эсвэл мандатын тоотой тэнцүү байж болно. Мөн санал тэмдэглэхгүй саналын хуудас байж болно.
Нэр дэвшигчдэд тавигдаж буй гол гол ямар шаардлагууд байгаа вэ?
Суманд нэр дэвших гэж байгаа бол тухайн сумандаа хоёрдугаар сарын 15-ний өдрөөс өмнө байнгын оршин суугчаар бүртгүүлсэн, 18 нас хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай, МУ-ын иргэн байх,
Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй, банк болон хуулийн этгээдэд төлбөл зохих зээл барьцаа, батлан даалтын өр төлбөргүй байх,
Мөн наймдугаар сарын 1-ний өдрөөс өмнө ажил албан тушаалаас чөлөөлөгдсөн байх, төрийн жинхэнэ алба хаагч, төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчийн харилцаатай хуулийн этгээдийн дарга, дэд захирлууд мөн орно.
Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож гэм буруутай нь тогтоогдсон / хэзээ гэм буруутай нь тогтоогдож, хэзээ шүүхийн шийдвэр гарсан гэдгээс шалтгаалж/ тухайн хүн сонгуульд нэр дэвших эрхгүй.
Орон нутгийн сонгуулиар санал авах байрны тоо хэд байгаа вэ?
УИХ-ын сонгуулиар хэсэг байгуулагдсан бол орон нутгийн энэ удаагийн сонгуулиар санал авах байр байгуулагдсан.
Нэмэгдсэн тоон үзүүлэлт харагдаж байна. Орон нутгийн сонгуулийн онолготой шууд холбоотой. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд тухайн сумын баг болгон өөрөө нэг тойрог болдог. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд хороод нэг тойрог болдог, зарим хороог нэгтгэх боломжгүй бол тусгаарлах боломж нь байдаг. Үүнээс шалтгаалж нэмэгддэг гэсэн үг.
2020 оны орон нутгийн сонгуультай харьцуулбал мандатын тоо багссан үзүүлэлттэй байгаа. Энэ нь 2020 оны 12-р сард Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиар шинэчилсэн найруулга батлагдсан. Энэ хуулиар тухайн шатанд төлөөлөгч хэд байх вэ? гэдэг тоог хуулиар нарийвчлан тогтоож өгсөн учраас мандатын тоо буурсан.
Ярилцсанд баярлалаа.
Шууд дамжуулалт үзэх: