Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.09.11 12:08
2561
Нийслэл бонд босгож хөгжинө гэсэн төсөөллөөр хэдий хүртэл явах вэ?

Нийслэлчүүдийн толгойны өвчин болсон олон асуудал бий. Жишээ нь стандартгүй зам, гүүр, метро гээд хэдэн арван жил дамнан яригдаж буй урагшилдаггүй ухардаг төслүүд хэвээр байна. Гол шалтгаан нь төсөв мөнгөгүй хэмээн хаацайлдаг.

Засгийн Газрын 2022 оны 217 тоот тогтоолоор “Эрдэнэс Баянбогд” ХХК-ийг  үүсгэн байгуулж, компанийн нийт  хувьцааны 34 хувийг төрийн өмчит “Эрдэнэс Баянбогд” ХХК-д эзэмшүүлж, үлдэх 66 хувийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац”-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хэдий ч энэхүү төсөл зогссон байна. 

Хэрэв энэхүү төсөл урагшилж санхүүжилтийн асуудал шийдвэрлэгдсэн бол Улаанбаатар хотын шинэ тойрог зам барих төсөл, тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх хөгжлийн төслүүд болон цэвэр эрчим хүчний эх үүсвэр бий болох, боомтын дэд бүтэц, авто болон төмөр зам барих зэрэг томоохон дэд бүтэц, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжих боломж бүрдэнэ гэж тооцоолж байсан.

Иргэд ч төслийн хүрээнд ам сайтай байсан. Харамсалтай нь зогсонги байдалд орж Нийслэл дахиад л бонд гаргаж зам засварын ажлаа хийхээр болов. Дахиад хөрөнгө, мөнгө байхгүй гэдэг шалтгаанаар түгжрэлийг бууруулах гол ажлууд нам зогсоход хүрнэ гэсэн үг. 

Нийслэл хот дотоодын зах зээлээс 500 тэрбум төгрөгийн бонд босгохоор урьдчилан тооцоолсон. Уг бондоос 300 орчим тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулахаар төлөвлөсөн.

Бондын өртгийн тэн хагас нь зам засварын ажилд зарцуулагдана гэж тооцоход нөгөө томоохон бүтээн байгуулалт метро хэзээ хэрхэн яаж баригдах вэ? гэдэг нь дахиад л асуултын тэмдэг хэвээр үлдэнэ. 

Дэлхийн хотуудад уул уурхайн баялгаа түшиглэн хөгжиж байгаа бодит жишээнүүд олон бий. Харамсалтай нь уул уурхайг түшиглэсэн эдийн засгийн боломжоо Нийслэл Улаанбаатар хот бүрэн алдсан уу? ...... Энэ талаар төрийн өндөр албан тушаалтнууд, нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид яагаад амаа үдүүлэх болов. Бонд босгоод хөгжинө гэдэг төсөөллөөр хэдий хүртэл явах вэ.....