Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2024.09.11 16:30
3017
Иргэд хотын мээрийг төрийн ажил цалгардуултал нь гомдоов...

Хотын мээр Х.Нямбаатар өнөөдөр  авто замын засвар шинэчлэлийн ажлыг зогсооно хэмээн гомдоллох гэх үү, сүрдүүлэх гэх үү хачин жигтэй мэдэгдэл хийж орхив.

Тодруулбал, авто зам засварын төсөв болон бродюрын төсөв нь зах зээлийн үнэ ханшид нийцэж буй эсэх мөн худалдан авах ажиллагааг хуулийн хүрээнд хийсэн эсэх асуудлыг Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газарт шалгуулж, нэгдсэн дүгнэлт гарах хүртэл одоо хийж байгаа болон цаашид хийх авто зам засвар, шинэчлэлийн ажлуудыг зогсоох эсэх асуудлаар иргэдийн дунд санал асуулга явуулж эхлээд байна.

Угтаа бол нийслэлээс үнэт цаас гаргаж, бондын санхүүжилтээр авто замын засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж буй.

Олон тэрбумын ажлыг шалгах, нягтлах асуудал байх ч ид ажил өрнөж буй энэ үед хотын мээр нь иргэдийнхээ санал шүүмжлэлд эгдүүцэж, гомдоллоод энэ мэтээр болъё, байя гээд сэндийчиж хаясан газруудаа тэр чигт нь үлдээх нь хэтийдсэн тохуутай үйлдэл юм. Хичээл сургууль эхэлж, хүний хөдөлгөөн ихэссэн энэ үед зам хааж боож засварын ажил хийж буй нь асуудал дагуулж буй ч мэдээж хийгдэх ёстой ажил уу гэвэл тийм. Харин сонгууль ярьж хэл ам хийгээд, хэнээтнэ гэдэг бол байж боломгүй асуудал. Төрийн суудал тоглоом биш, төр түмний төлөө хийх ажил ч дуртайдаа дургиад дургүйдээ хаячихдаг зүйл биш гэдгийг ч хэлэх нь зүйтэй биз.

Хичээл сургууль эхэлж, хүний хөдөлгөөн ихэссэн энэ үед зам хааж боож засварын ажил хийж буй нь асуудал дагуулж буй ч мэдээж хийгдэх ёстой ажил уу гэвэл тийм.

Дашрамд дурдахад, энэ жил авто замын засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхдээ бетонон бродюрыг чулуун бродюроор сольж сайжруулж байгаа гэх бөгөөд нийт 87 байршилд авто замын засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөснөөс 27 байршилд ажлыг бүрэн гүйцэтгэж дууссан. Үлдсэн 60 байршилд авто замын засвар, шинэчлэлийн ажлыг хийхээр бэлтгэл хангаад байгаа боловч иргэдийн санал шүүмжлэлийн хүрээнд авто замын засвар, шинэчлэлийн ажлыг бүхэлд нь зогсоож, аудитын шалгалт оруулах асуудалд санал асуулга явуулахаар болсон нь энэ юм.