Сургууль, цэцэрлэг эхэлсэнтэй холбоотой томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байна. Уг өвчин нь вирусээр үүсгэгддэг амьсгалын цочмог халдвар бөгөөд бага насны болон архаг хууч өвчтэй, өндөр настай хүмүүс өртөх магадлал өндөр байдаг байна. Томуугийн вирус нь хоруу чанар ихтэй, өндөр халуурч уушгины хатгалгаа болон хүндрэх магадлал өндөр. Тиймээс урьдчилан сэргийлэх үүднээс ӨЭМТ-үүдээр томуугийн вакцин хийж эхэлсэн тухай Худ-ийн 10-р хорооны "Амин-тус" өрхийн эмнэлгийн эмч Г.Хишигээс тодрууллаа.
-Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж томуугийн вакцин хийж эхэлсэн. Бага насны хүүхдүүд, ахмад настанд хийж байгаа дархлаажуулалт дуусч байна уу
Цэцэрлэгийн насны хүүхдүүд наймдугаар сараас эхлэн томуугийн вакциндаа хамрагдаад явж байгаа. Хоёр настнууд товлолт вакцинаа хийлгэснээс сарын дараа томуугийн вакцин хийлгэх учраас одоохондоо бүрэн хамрагдаагүй байна. Бид эцэг эхчүүдтэй утсаар холбогдон вакциндаа хамрагдахыг зөвлөөд явдаг юм.
Иргэд өөрсдөө сайн дураараа ирэх нь бас нэмэгдсэн.
Өдөртөө 15-20 хүн вакцины тун хийлгэж байгаа. Одоогийн байдлаар 500 гаруй тунг хийж дуусаад байна.
-Томуугийн дэгдэлтийн үе ямар улиралд нэмэгддэг вэ
-Хавар, намартаа халдварт өвчний дэгдэлт харьцангуй нэмэгдэх хандлагатай байдаг. Энэ онд гар, хөл амны өвчний тархалт ихэссэн. Улирал солигдох үеэр өвчлөл нэмэгддэг учраас эцэг эхчүүд хүүхдийнхээ хувийн ариун цэврийг сахиж, дархлааг нь сайн дэмжих хэрэгтэй байдаг.
Хэрэв томуугийн шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад хандаж тохирох эм бэлдмэлийг хэрэглэхийг зөвлөж байна.
Иргэн Ж.Оюунбаяр: Энэ жил ханиад томуу харьцангуй гайгүй байна. Гэхдээ цэцэрлэгийн анги танхим давчуу, олон хүүхэд нэг дор гүйж, харайж байдаг учраас хичнээн дархлааг нь дэмждэг ч ханиад хүрэх тохиолдол байдаг. Найман сарын сүүлээр цэцэрлэгийн хүүхдүүд нэгдсэн журмаар томуугийн вакцин хийлгэсэн. Одоохондоо ханиадны шинж тэмдэг илрээгүй гайгүй байх шиг байна.