Нэгэн цагийн улс төрийн олигархууд ургийн модоо улам усалж, илүү өргөжүүлсээр байна. Манай редакц улс төрийн ургийн мод, хэлхээ холбоог цувралаар сурвалжлан хүргэж буй. Энэ удаагийн ургийн модны хэлхээг Монгол улсын Ерөнхийлөгч асан УИХ-ын гишүүн Х.Баттулгын хамаарал бүхий хүмүүс үргэлжлүүлж байна.
Монгол улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн дүү Баттуулын хүү Оргилбат, “Мах импекс” ХХК-ийн салбар үйлдвэр болох “Хиам консервийн үйлдвэр” компанийн захирал Б.Бадмаа мөн “Талх чихэр” ХК-ийн Санхүү хариуцсан захирал Б.Бурмаа нарын хүмүүс АН-аас НИТХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байна.
Мөн Х.Баттулгын хэвлэлийн төлөөлөгч асан О.Батханд, Цэнзургүй багийн сэтгүүлч Ж.Баттуул нар нэр дэвшиж буй. Ерөнхийлөгч асан Х.Баттулга өөрийн хүн болох Л.Мөнхбаясгаланг 2024 оны УИХ-ын сонгуульд сойж, санасандаа хүрээд авсан. Өөрөө ч мөн гишүүний зөөлөн суудалд эргэн тухалсан билээ.
“Женко” Баттулгын ургийн мод 20 гаруй хүнээр хүрээгээ тэлэхээр санаархаж байгаа гэх...
Түүний эзэмшлийн компанийн захирал Б.Бурмаа 2020 онд Хан-Уул дүүргээс ИТХ-д сонгогдож байсан бол энэ удаа бууриа сэлгэж Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшиж буй. Түүний нөхрийн нэр дээр “Эрчим” ХХК бүртгэлтэй байдаг.
Түүний орлого 2020 онд 240 сая байсан бол гурван жилийн дотор 374 сая болж өсжээ. Харин гэр бүлийн орлого нь 2020 онд 342 сая байсан бол 2022 онд 743 сая болж хоёр дахин өсөөд өнгөрсөн онд 110 сая болж 7 дахин буурсан байна.
Энэ мэтчилэн төрийн албанд улс төрийн ургийн мод гинжин хэлхээ мэт үргэлжилсээр байна...
Тэд сонгох сонгогдох эрхтэй ч хэн нэгний эрх мэдлийн томилгоогоор зөөлөн суудалд залрах ёсгүй!