Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.09.12 16:30
1956
У.Сүрэнжав: Илүү их хариуцлага, даруу зан, хичээл зүтгэл хэрэгтэй юм байна

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Парис-2024" олимп, паралимпын наадамд амжилттай оролцож, Монгол улсынхаа төрийн далбааг Парисын тэнгэрт мандуулсан тамирчдад хүндэтгэл үзүүлж одон медалаар шагналаа. Мөн хөнгөн атлетикийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс таван алтан медаль хүртсэн 90 настай Ц.Раднаад хүндэтгэл үзүүлж, “Алтан гадас” одонгоор энгэрийг нь мялаалаа.

Энэ удаагийн Паралимп анхны гэсэн олон тодотголыг авч ирсэнээрээ онцлог байв. Тодруулбал:

  • - У.Сүрэнжав “Монголын хамгийн анхны паралимпийн эмэгтэй алтан медальт, хамгийн залуу хөдөлмөрийн баатар”
  • - Э.Содномпилжээ “Монголын паралимпын анхны иж бүрэн медальт”
  • - Ц.Баттулга “Паралимпын наадмын хөнгөн атлетикийн түүхэнд анхны мөнгөн медальт” болов.

Нэг алт, гурван мөнгө, дөрвөн шагналт байрыг хүртсэн нь Паралимпын наадмын анхны олон медаль авсан тохиолдол болж амжилтаа ахиуллаа.

“Парис-2024” паралимпын наадмын алтан медальт, хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав хэвлэлд өгсөн ярилцлагадаа “ Төрийнхөө далбааг Парисын тэнгэрт мандуулаад, төрийнхөө дээд шагналаар шагнуулаад энгэрээ гялалзуулаад зогсож байгаадаа маш их баяртай байна. Энэ хүртэл зам дардан байгаагүй ч үргэлж хажууд минь байж, дэмжиж, зааж өгсөн Н.Эрдэнэбаатар багш, Д.Батнасан багш баг хамт олон, дэмжсэн бүх хүмүүстэй маш их баярлалаа. Энэ байгаагаасаа илүү их хичээж хөдөлмөрлөх болно. Илүү их хариуцлага, даруу зан, хичээл зүтгэл хэрэгтэй юм байна. Бүгдэд баярлалаа” гэв.

Спорт хүнийг хүмүүлжүүлдэг гэдэг. Спортын хүний даруу зан, тэсвэр тэвчээр, хичээл зүтгэлийг харуулж Монголчууддаа баяр баясал бэлэглэсэн нийт баг тамирчдадаа талархал илэрхийлье!